Хоригдогчийн өмгөөлөгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийлээ
"Хоригдогчийн өмгөөлөгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилттэй холбоотой зарим асуудал” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож буй хоригдогчдын өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилтэд үүсэж буй зарим асуудлын талаар холбогдох талуудын байр суурь болон өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.02.09/ зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ч.Нэргүй, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Нямгомбо, тус ангийн Хүний тоо бүртгэлийн ахлах байцаагч Ц.Ганчимэг, ШШГЕГ-ын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мөнх-Эрдэнэ, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн З.Хүрэлсүх, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Одгал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөл: “Хоригдогчдын өмгөөлөгчидтэй уулзах нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай“,
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо: “Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах боломжоор хангагдаж буй нөхцөл байдлын тухай” танилцуулга, мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн хорих болон цагдан хорих байранд хоригдогч өмгөөлөгчтэй биечлэн уулзах, нөгөө талаас өмгөөлөгчийн зүгээс хоригдогчид хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ хуульчийн ёс зүйн дүрмийг чанд сахин үйл ажиллагаагаа явуулах талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцсэн.