Хэнтий аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо болон ЕБС-ийн дотуур байруудад хяналт шалгалт хийв
2023.03.09

Хэнтий аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо болон ЕБС-ийн дотуур байруудад хяналт шалгалт хийв

ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо болон Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн дотуур байрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдийн асуудлаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцаж, тайлан мэдээллийг сонслоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/190, А/280 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам”-ын 1.3-т заасны дагуу Сум дундын шүүх ажиллаж байгаа Бор-Өндөр суманд сумын Засаг даргын 2022 оны А/21 дүгээр захирамжаар хороог байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны үйл ажиллагаа, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх, эрх чөлөөг сахин хангаж, хамгаалж буй нөхцөл байдлыг нь газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зөвлөмж, чиглэлийг өгч, сурагчидтай ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.

Мөн хяналт, шалгалтын хүрээнд тус аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлийн удирдлага, төлөөлөлтэй хорооны үйл ажиллагаа, гэрч, хохирогч хүүхдэд үзүүүлж буй үйлчилгээ, тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцож, арга зүйн зүйн зөвлөмж, чиглэлийг өгч ажиллалаа.

ХЭҮК-оос хийсэн дээрх хяналт, шалгалтын үр дүнд гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн эрх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нөхцөл байдал, дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийн асуудлаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлаар талаарх 22 дахь илтгэл”-д тусган УИХ-д хүргүүлэх бөгөөд бодлогын түвшинд шийдвэр гаргуулах анхаарч ажиллах юм.

Ажлын хэсэгт Комиссын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, референт Б.Болорзул, ахлах мэргэжилтэн Б.Янжмаа, Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул, мэргэжилтэн Г.Төгсбилэг, Хэнтий аймаг дахь референт Д.Эрдэнэбаясгалан нар ажиллалаа.