Дорноговь аймаг дахь дотуур байр болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж  байна
2023.02.13

Дорноговь аймаг дахь дотуур байр болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1, 3 дугаар сургууль, Политехникийн коллежийн дотуур байр болон тус аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Дээрх хяналт, шалгалтын зорилго нь:

тус аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдийн асуудлаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд,

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, хүүхдийн эрхийг сахин хамгаалж буй үйл явцад хяналт шалгалт хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүргүүлэхэд оршиж буй юм.

Энэ хүрээнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, БСШУ-ны газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, шүүх, прокурор, цагдаа зэрэг бүрэлдэхүүн байгууллагын төлөөллийн оролцоог үнэлэх юм.

  • Харин ЕБС болон Политехникийн коллежийн дотуур байранд хийх хяналт, шалгалтаар дотуур байрны чанар, нөхцөл байдал, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн эсэх,
  • Үйл ажиллагаатай холбоотой мөрдөгдөж буй дүрэм, журамд дүн шинжилгээ хийх,
  • Хоолны илчлэг, ундны цэвэр усаар хангагдаж буй байдал,
  • Ялгаварлан гадуурхалт, ялгаатай байдлын талаарх хүүхдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулсан эсэх,
  • Дотуур байрны материаллаг болон нийгэм сэтгэлзүйн нөхцөл байдалд үнэлгээ хийж, нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргасан эсэх, хийсэн бол нөхцөл байдлын үнэлгээнд суурилан хүүхдэд учирч болзошгүй эрсдэл болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,
  • Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан эсэх,
  • Багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг тандан судалсан байдал,
  • Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд шаардагдах төсөв, хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгасан байдал,
  • Дотуур байрны орчинд хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ ажилд хяналт тавьж ажилласан байдал,

Дарамт, үл хайхрах байдалд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийн аюулгүй байдал алдагдсан байхаар таамагласан, илрүүлсэн талаарх мэдээллийг хүлээн авах, шуурхай арга хэмжээ авах тухай Мэдээллийн журмыг батлан мөрдүүлж буй эсэх болон бусад асуудлыг шалгаж, улмаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгаж, УИХ-д танилцуулна.

Хяналт, шалгалтыг Комиссын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул, аймаг Дорноговь дахь референт Т.Мөнгөнчулуун нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна.

дээрх хяналт, шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм.