Дэлхийн дахинд хоёр долоо хоног тутамд нэг хэл устаж байна!
2023.02.22

Дэлхийн дахинд хоёр долоо хоног тутамд нэг хэл устаж байна!

Дэлхий дахинд хоёр долоо хоног тутамд нэг хэл устаж, түүнийг даган тухайн үндэстний түүх, соёл, сэтгэлгээ, зан заншил, оюуны өв устаж үгүй болж байна.

2000 оноос эхлэн жил бүрийн 2 сарын 21-ны өдрийг “Дэлхийн эх хэлний өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглаж, бүх бөмбөрцөгт эх хэлний чухал чанарыг таниулж, эх хэлээ түгээмэлжүүлэх хөдөлгөөнийг ахиулж, дэлхий дээрх олонх хэлний устгалын зогсоохыг зорьжээ.

ЭХ ХЭЛЭЭ ХЭРЭГЛЭХ ЭРХ
Эх хэлээ хэрэглэх эрх нь хүний үндсэн эрх юм. Олон улсын хүний эрхийн бүхий л баримт бичиг болоод олонх улсын Үндсэн хуульд эх хэлээ хэрэглэх эрхийг тусгаж хамгаалсан байдаг.

Энэ эрхэд:

  • -Эх хэлээрээ суралцах, харилцах;
  • -Эх хэлээрээ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах;
  • -Эх болон хүссэн хэлээрээ мэдээлэл эрж хайх, хүлээж авах, түгээн дамжуулах, үзэл бодлоо илэрхийлэх;
  • -Эх хэлээрээ мэдүүлэг өгөх, тайлбар тавих, байцаан шийтгэх болон шүүхийн бүх ажиллагаанд орчуулагчтай оролцох;
  • -Хэлээрээ ялгаварлан гадуурхагдахгүй байх, ингэсэн тохиолдолд хуулиар хамгаалуулах. зэрэг олон агуулгатай юм. Хэл гэдэгт ялгаатай олон хэл байхаас гадна нэг хэлний ай савд хамаарах үгсийн сан, аялга цөм багтдаг.

ЭХ ХЭЛНИЙ өдөр:
- 1952.02.21-ний өдөр Бангладеш улсын оюутнууд эх Бенгали хэлээ улсынхаа албан ёсны хэл болгохоор жагсаал хийх үеэр цагдаа нар гал нээж, 4 оюутан амь алдсан юм. Энэ цагаас эхлэн тус улсад энэ өдрийг “эх хэлний өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн ба НҮБ-аас 1999 онд “Олон улсын эх хэлний өдөр” болгон тэмдэглэхээр шийдэж, 2000 оноос тэмдэглэх болжээ. Монгол Улсын хувьд Олон улсын эх хэлний өдрийг 2001 оноос тэмдэглэж эхэлсэн.

Анхаарах:
Эх хэл, тэр дундаа бидний хувьд монгол хэл, бичиг нь ярилцах, бичихээр л хязгаарлагдах харилцааны хэрэгсэл төдийхөн биш Монгол хэмээх үндэстний оюун санаа, өв уламжлал, бэлгэдэл, түүх, дурсамжийг тээгч, дамжуулагч өргөн утгаараа тусгаар тогтнол. Тиймээс монгол хэл, бичгийг хориглож буй үйлдэлд хилийн наана, цаана гэлтгүй анхаарах ёстой.