ХЭҮК хуульч, өмгөөлөгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хүндрэл бэрхшээлийг нь сонслоо
2023.02.17

ХЭҮК хуульч, өмгөөлөгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хүндрэл бэрхшээлийг нь сонслоо

Монгол Улсын Хүний эрхийн Комиссын дарга Ж.Хунан, Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл болох Ж.Майзориг, Т.Багахүү, Д.Энхтөр болон АНУ-ын Нью-Йорк мужийн Барын гишүүн Жеймс Лиоттаг хүлээн авч уулзлаа.

Өмгөөлөгчдийн зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зүй зохистой хэрэгжүүлэх талаар болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өмгөөлөгч нарт тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал хэлэв.

Комиссын дарга Ж.Хунангын зүгээс энэ онд Монгол Улсын Их хуралд өргөн барих Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн асуудлыг тусгайлан бүлэг болгон оруулж, энэ хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг баривчлах ажиллагаан дахь хүний эрхийн асуудлыг хөндөхөө танилцуулсан юм.

Мөн Комисст ирсэн энэ төрлийн гомдол, мэдээлэл болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.

Өмгөөлөгчдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тохиолдсон кэйс, холбогдох бусад мэдээллийг Комисст ирүүлж, хамтран ажиллахаар тогтлоо.