Б.Энхбаяр: Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах ажлыг УИХ өөрөө хийж, намайг эзгүйд Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн байна
2023.05.04

Б.Энхбаяр: Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах ажлыг УИХ өөрөө хийж, намайг эзгүйд Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа "Засгийн газар болон УИХ-ын аль нь санаачлаагүй хуулийн төслийг өөрийг нь эзгүйд Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн байна. Энэ бол хуулийн хулгай мөн." хэмээн мэдээлсэн байна.

Энэ талаар тэрбээр " Миний бие өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өглөөний 09 цаг 30 минутаас 18 цаг хүртэл УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон бөгөөд энэ үеэр Хууль зүйн байнгын хороо хуралдаж “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байна. Өнөөдрийн буюу 2023 оны 05 сарын 04-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах хууль, тогтоолын төслийн дөрөвдүгээрт байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын олон өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь хуулийн орчуулгын асуудал юм.

Энэ үүргийг Засгийн газар тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Түүнчлэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын нийтлэг харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг зөвхөн Хууль зүйн үндэсний хүрээлэн хийх зохицуулалтыг мөн хуулийн төсөлд тусгасан. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зааж хуулийн төслөө дэмжчихээд одоо “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол” гаргаж УИХ өөрөө уг хүрээлэнг татан буулгаж байгааг юу гэж ойлгох вэ?.

Дэлхийн бүх улсад парламентаас баталж байгаа хуулийн 90 хувийг Засгийн газар нь өргөн мэдүүлж парламент нь баталдаг бөгөөд манай улсын хувьд ч яг ийм үзүүлэлт байгаа. Засгийн газар ямар хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгааг судалж Хууль зүйн яам нь нэгдсэн бодлогоор хангаж хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлдэг. Засгийн газрын өргөн барих хуулийн судалгааг УИХ хийх үү? Хуульчдыг давтан сургах асуудлыг УИХ хариуцах уу.Монгол Улс, Олон Улсын хөгжлийн Ассоциаци хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр Хууль зүйн үндэсний хүрээлэнг байгуулсан. Энэ гэрээнд “Хууль, эрх зүйн сургалт, судалгаа, мэдээлэл сурталчилгааны төв нь Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд байх төрийн өмчийн ашгийн бус байгууллага болно” гэж заасан. Энэ гэрээ 2041 оны долдугаар сарын 15-ны өдөр дуусах зохицуулалттай. Энэ тогтоол нь хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол бус хууль хэрэгжүүлэхгүй байх арга хэмжээний тухай тогтоол болсон гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.