Х.Булгантуяа: Тэтгэврийг өвлүүлж, НДШ-ийн хоёр хувийг мөнгөжүүлэх замаар ипотект хамруулах боломжоор хангана
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Энэ 7 хоногийн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх юм.
ХНХ-ийн сайд Х.Булгантуяа: Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэх асуудлыг тусгасан. Жил бүхэн итгэлцүүрээ шинэчлэн батлаад инфляцтай уялдуулж, тэтгэврээ нэмээд явбал тэтгэврийн зөрүү гэдэг асуудал үүсэхгүй. Мөн нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлнэ. НДШ-ийн одоо төлж байгаа 17 хувиас хоёр хувийг нь тэтгэвэр болгоод тавиад явж байгаа. Харин ирэх оноос НДШ төлж байгаа иргэдийн хоёр хувь нь мөнгөжнө.
Цаашдаа нэмэгдээд, нэрийн данс нь мөнгөжих тогтолцоо руу явна. Үүнтэй холбоотойгоор ХНХ-ын яам хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог нэвтрүүлэхээр хуулийн төслийг боловсруулж байна. Иргэдийн НДШ болон баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсгээд иргэд ипотекийн зээл гэх мэт өөрсдийн нэн шаардлагатай зүйлд зарцуулах боломж бүрдэх юм. Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх боломж Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгоно.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Жил бүхэн тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэхээр НДС-гийн орлого боломжтой юу. Зардлаа нөхөж чадах уу?
-НД-ын багц хуулийн төсөл дээр шимтгэлийг огт нэмээгүй. Одоо НДШ-ийн хоёр хувийг нэрийн дансандаа байршуулахаар жилд 369 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр тэтгэвэр олгохгүй, мөнгө хэлбэрээр нь хадгална гэсэн үг. Энэ дүнгээрээ Тэтгэврийн сан руу нэмж олгохоос өөр аргагүй. Үүний тулд төсвийн орлогоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалинг хагас жилээр нэг их наяд төгрөгөөр, ирэх жилээс хоёр их наядаар нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор НДС-гийн орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй уялдуулж тооцож авч үзсэн.
-НДШ-ийн тодорхой хувийг өвлүүлнэ гэж байна. Энэ заалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Иргэдийн нэрийн дансанд дээр жил бүрэн хоёр хувийг байршуулаад явахаар тодорхой хугацааны дараа нэлээд орлого үүснэ. Үүнийг бид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт ашиглаж болно. Энэ Баялгийн сангийн хуультай уялдаж үйлчилнэ.
Дашрамд дурдахад, албан ёсны баталгаатай 10-аас дээш жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барвал авч байсан тэтгэврийнх нь 20 хувийг гэр бүлийнх нь хүнд өгнө гэсэн зохицуулалтыг оруулжээ.