М.Нарантуяа-Нара: Иргэний Зориг Ногоон Нам яамны ажлыг хэр сайн хийснээс шалтгаалж 2028 онд олон суудалтай болох уу, эсвэл дордох уу гэдэгт дүн тавигдана
УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
Аливаа зүйлийн эхлэлд ерөөл өрөгдөг нь муугийн ёс биш Монголын ёс. Хэдийгээр цоо шинээр бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдээгүй ч гэсэн зарим нэгэн тодорхой шинэчлэлүүдийн хүрээнд шинэ Засгийн газарт амжилт хүсье. Шинэ Засгийн газартманай Иргэний Зориг Ногоон нам хамтарч Байгаль орчны яамыг одоо хариуцаж ажиллахаар болсон байна. Энэ нэг талаараа манай Иргэний Зориг ногоон намын хувьд иргэдэд танилцуулсан амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх таатай нөхцөл боломж гэж харж байна. Нөгөө талаар яамны ажлыг илүү сайн ажиллуулах нь магадгүй 2028 онд манай Иргэний Зориг Ногоон Нам илүү олон суудалтай болох уу, эс үгүй бол илүү дордох уу гэдгийн бас нэгэн дүн байх. Ийм эгзэгтэй мөч болов уу гэж бодож байна. Ерөнхий сайдын хэлж байгаа зарим үгнээс өмнөх сайдуудыг улираан томилов гэдэг дээр хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх гэсэн ийм зүйлүүд явагдаж байна. Үүнийг бас ойлгож болно.
Гэхдээ нөгөө талаараа эрчим хүчний салбар элгээрээ хэвтчихсэн, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. 200 орчим тэрбумын хохирол улсад учирчихсан байж байгаа. Энэ салбарын сайдыг та улируулж сонгосон нь хөтөлбөрөө хэрэгжүүл гэсэн юм уу, эс үгүй бол маш яаралтай алдаагаа засаад, салбарыг маш яаралтай хөл дээр нь босох, энэ алдаагаа зас гээд дахин томилов уу. Ерөнхий сайд та эрчим хүчний реформ, шинэчлэл, зах зээлийн либералчлалыг яг юу гэж харж байгаа вэ? Энэ салбарт юу хийх вэ? Би яагаад энэ асуултыг асуугаад байна гэхээр, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах Ажлын хэсгийн ажлаар ДЦС- 3 дээр ажиллаад ирэхдээ багагүй зүйлийг мэдэж ирсэн.Жишээлбэл ЭХЯ маш яаралтай улсын гамшгийн нөөцийн мөнгөнөөс, маш сайн чанарын энэ турбин авч дэлбэрсэн асуудлыг засаж, залруулах ажил байгаа юм байна.Мэргэжлийн хүмүүс хэлж байна. ДЦС-4ийг дулаан гаргахад ашиглаад, цахилгаан үйлдвэрлэлтийг нь багасгаад ДЦС-3-ыг энэ засаж залруулах ажлуудыг энэ ЭХЯ хийж чадах уу? Үүнийг шийдэхгүй бол наадмын дараа намар гээд Улаанбаатар хотын сая 700 мянга гаруй иргэдийн дулаан, тог цахилгааны асуудал хөндөгдөөд эхэлнэ. Энэ асуудлыг бүрэн нааштай шийдэхгүй байгаль орчинд харшилдаг утаа униар, хүний эрүүл мэнд амь насны асуудал улам том дэгдээд эхэлнэ.
Манай Иргэний Зориг Ногоон намын хариуцаж ажиллах энэ салбар яаманд маш том хүндрэлтэй асуудлууд нүүрлэх учраас энэ салбарын хөгжил хуваарилалт, хариуцлагыг жигд хүртээмжтэй хариуцлагатай байлгах ажлыг таныг сайн хийгээсэй гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд манай Иргэний Зориг ногоон намын дарга Б.Батбаатар та энэ яамыг ахалснаар, та энэ намын яаманд ажиллах мэрит зарчим хангахгүй хүмүүсийн өмнө ажилтай болгох үүрэгтэй хүн биш. Хамгийн гол нь энэ яамыг илүү сайн ажиллуулж, боломжийг зөв ашиглаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвхөн манай намын төдийгүй улс эх орны байгаль орчны бүхий л асуудлыг хариуцна гэдэг бол маш том хариуцлага. Хариуцлагатай ажиллах ийм үүрэгт нь амжилт хүсье.

Сэтгүүлч