П.Анужин: НДС-ийн үйл ажиллагаа доголдсон нь улс төрийн "поп" шийдвэрүүдээс улбаатай
2023.06.26

П.Анужин: НДС-ийн үйл ажиллагаа доголдсон нь улс төрийн "поп" шийдвэрүүдээс улбаатай

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужинтай ярилцлаа.


-Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэгдэх олон чухал хуулийн төсөл бий.  Тэр дундаас олон нийтийн Нийгмийн даатгалын багц хуульд ихээхэн анхаарал хандуулж байна. Та тус хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагийн хувьд гол гол өөрчлөлтүүдийн талаар юу хэлэх вэ?

-Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд нийгмийн болоод иргэдийн зүгээс өндөр хүлээлттэй байна. Учир нь иргэдийн амьжиргаа, ирээдүйн баталгаатай шууд холбоотой цар хүрээ өргөнтэй хууль учраас иргэн бүр уг хуульд анхаарал хандуулж, чих тавин хүлээж байгаа асуудалд эргэлзэх зүйл алга. Энэ удаа Нийгмийн даатгалын багц хуульд реформын шинжтэй нэлээд хэдэн багц асуудлыг оруулж ирсэн. Нийгмийн даатгалын багц хуулийн нэг хуулийн бүрэлдэхүүн болж анх удаа орж ирж байгаа хууль бол Хувийн нэмэлт тэтгэврийн хууль юм.

Хэдийгээр анхдагч  хууль боловч ийм харилцаа Монгол Улсад огт байгаагүй гэсэн үг бол биш. Монгол Улсад  үйл ажиллагаа явуулдаг томоохон ААН-үүд компанийнхаа ажилчдыг хувийн нэмэлт, тэтгэврийн даатгалд хамруулах үйл ажиллагаа өмнө нь явж байсан. Тиймээс нэгдүгээрт, энэ харилцааг албан ёсоор зохицуулах  хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжийг бүрдүүлж өгч байна. Хоёрдугаарт, иргэн өөрөө хүсвэл хувийн нэмэлт даатгалд даатгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж,  хуулиар хамгаалагдах юм.

Өмнө нь УИХ-ын гишүүн Н.Учрал  Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барьж байсан.  Засгийн газраас  мөн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барьсан учраас тус хоёр хуулийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан хуульд суурилж эхний хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд явж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг иргэнийхээ талд аль болох эрсдэлгүй байх үүднээс чамбай ажилласан. Практикаас харахад өнгөрсөн хугацаанд иргэд аль нэг даатгалын компани, Хадгаламж зээлийн хоршоонд итгэж мөнгөө алдсан тохиолдлууд бий. Тиймээс иргэд дахин ямар нэгэн байдлаар санхүүгийн эрсдэлд орох вий гэдгээс халширсан байдалтай байна.

Тийм учраас бид аль болох уг хууль иргэндээ эрсдэлгүй, ашигтай байх тал дээр зохицуулалт хийсэн.

-Тэтгэврийг долоо биш таван жилээр тооцох нь зүйтэй гэдгийг ахмадууд шаардаж байна. Энэ асуудал хуульд хэрхэн туссан бэ?

-Монгол Улс эв санааны зарчимд суурилсан хуваарилалтын тогтолцоотой. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжсэнээр Монгол Улс хагас хуримтлалд шилжих, хагас хуримтлалаа бэхжүүлж цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих тогтолцооны өөрчлөлт орж ирж байна. Иргэдийн хувьд дараалсан долоон жилээр тэтгэвэр тогтоож байгаа үйл явцыг таван жил болгох ёстой гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг дагаад хүлээлт ч  өндөр байна.

Миний бие Нийгмийн даатгалын багц хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудалд хоёр талын байр суурь хөндөгдөж байгаа гэдгийг хэлье.

Зарим иргэд “ Би 20,30 жил ажиллаж НДШ төлж байхад, НДШ тэр хэмжээгээр төлөөгүй иргэд сүүлийн таван жилийн шимтгэлээ өндөр төлөөд надаас өндөр цалин тогтоолгож байгаа нь шударга биш байна” гэдэг саналыг хэлж байна. Тийм учраас НДС-г алдагдалд оруулах, улсын татаасыг улам нэмэгдүүлэх зүйл заалт оруулж ирэх нь зөв үү” гэх мэтчилэн тал талын байр суурь илэрхийлж, асуудлыг хөндөж байна. Энэ бол бодолцож үзэхээс өөр аргагүй асуудал.

Ер нь бид урт хугацаандаа НДШ-д хэчнээн төгрөгийн хуримтлал үүсгэснээсээ хамаарч түүндээ тохирсон хувь хэмжээгээр ирээдүйн баталгаагаа бүрдүүлдэг шударга тогтолцоо руу  шилжинэ. Нийгмийн даатгалын багц хуулийн гол зарчим ч энэ . Нөгөө талаас иргэд Нийгмийн даатгалын багц хуулиас долоон жилийн дунджийг таван жилийн дунджаар тооцдог болох өөрчлөлтийг хүлээж байна. Хуулийн төсөлд уг асуудлыг хэрхэн зохицуулахаар хэлэлцэж байна гэхээр өмнө нь сайн дурын даатгуулагч сүүлийн таван жил өөр хүссэн дүнгэр НДШ төлөөд тэтгэврээ тооцуулдаг байсан. Тэгвэл ийм боломжийг хязгаарлаж өгсөн. Сайн дурын даатгуулагч цалингийн доод хэмжээнээс долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хувь хэмжээгээр тооцож бодохоор төлөвлөж байна. Гэтэл албан журмын даатгуулагч 10 хувиар тооцуулж байгаа.

Тэгэхээр өмнө нь тэтгэврээ өндөр тогтоолгохын тулд өндөр мөнгөн дүнгээр шимтгэл төлдөг байдал арилна.

-Өнгөрсөн хугацаанд тэтгэврээ долоон жилээр тооцуулсан ахмадуудад олгох зөрүү мөнгөний асуудал яригдаж байгаа юу?

-Хуулийн төсөл дээр энэ асуудал орж ирээгүй. Гэхдээ тэднийг хохирогчид болгоод орхичхож болохгүй. Ер нь бол таван жилийн дунджийг долоон жилийн дунджаар тооцох шийдвэр УИХ-аас батлагдсан хуулийн дагуу хэрэгжиж байсан. Тиймээс одоо хэлэлцэж байгаа хулийн төсөлд нэг удаа тэтгэврийг шинэчлэн тогтоож болохоор зааж өгсөн. Тиймээс зөрүү гарсан иргэдэд нэг удаа тэтгэврийг нь шинэчлэн тогтоож өгөх зохицуулалт туссан.

-Малчдын  нийгмийн даатгалын 50 хувийг таван жил төрөөс даах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага юу байна гэж харж байгаа вэ?

-Малчдын нийгмийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байна. Монгол Улсад 223 мянга орчим малчин бий. Эдгээр малчдын 20 орчим хувь нь л нийгмийн даатгалд хамрагдаж байна. Тогтолцоо цаашид энэ хэвээр үргэлжилбэл НДС энэ ачааллыг даахгүй. Учир нь тэтгэмжийн даатгал руу бүгд шилжих учраас НДС эрсдэлтэй байдалд орно. Түүнчлэн НДС гэхээсээ илүү хувь хүн ч эрсдэлтэй байдалд орно. Хөдөлмөрийн чадвараа алдсан, өндөр настай болсон үедээ хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авна гэдэг бол ахуй амьжиргаанд нь хүнд тусах нь ойлгомжтой.

Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд, хэрэв сайн дурын даатгуулагч буюу малчин хүн өөрөө хүсэх юм бол төлж байгаа шимтгэлийнх нь 50 хувийг 5 жил төр төлөлцөж өгөхөөр тусгасан. Энэ нь нэг талаар малчнаа дэмжиж байгаа мэт боловч, нөгөө талдаа НДС-ийн орлогоо бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн малчдын ирээдүйн баталгааг хангах, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах бололцоог нээж байна.

Ер нь Нийгмийн даатгалын багц хуульд олон талын  эрх ашиг, байр суурийг тэнцүү хангах ёстой чухал хууль учраас  их амаргүй. Тийм учраас хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг гарч, орон даяар танилцуулж, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ажил олгогчид, сайн дурын даатгуулагчид, залуусын төлөөлөл гээд нийгмийн бүх төлөөлөл оролцуулж, 30 орчим мянган иргэдээс санал авч, багцалсан.

-Тэтгэвэр өвлөгддөг болох асуудал олон жил яригдаж байна. Энэ удаагийн хуулийн төсөлд энэ асуудал хэрхэн тусгагдав?

-Тэтгэвэр өвлөгдөх асуудал тэтгэврийн зохицуулалттай андуурагдах тохиолдол байна. Тэтгэврийн зохицуулалтаар албан ёсоор гэр бүлээ баталгаажуулж, 10 жил хамт амьдарсан гэр бүлийн хоёр гишүүний нэг нь нас  барсан тохиолдолд үлдсэнд нь авч байсан тэтгэврийн 20 хувийг олгох заалт хуульд тусгагдаж орж ирсэн. Нийгмийн судалгааг аваад үзэхээр ахмадууд хоёулаа тэтгэврийн зээлтэй байдаг.Ингээд хэн нэг нь нас барахад бүхий л ачаалал үлдсэн нэгэн дээр нь ирдэг.

Тийм учраас 20 хувийг нь олгох зохицуулалт тусгаж оруулж ирсэн. Ажлын хэсэг ажиллаж байна. Харин тэтгэвэр өвлүүлэх асуудал тусдаа. Тэтгэврийг өвлүүлэхдээ нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлж, тэнд бодит мөнгөн хуримтлал үүссэн тохиолдолд нэрийн дансанд байгаа мөнгийг өвлөх, аль эсвэл тухайн иргэн өөрөө хүсвэл ипотек, эрүүл мэнд, боловсролын зориулалтаар ашиглаж болгохоор тусгасан.

Өөрөөр хэлбэл,НДШ-ийн  17 хувиас 2 хувийг мөнгөжүүлнэ. Одоогийн тогтолцоогоор НДШ-ийг буцаагаад шууд тэтгэвэр олгоход зарцуулдаг.  Иргэд “миний нэрийн дансанд хэдэн төгрөг байна вэ” гэж асуудаг.  Ирэх оноос эхлээд шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн 2 хувь мөнгөжнө. Төсвийн орлого нэмэгдэх тусам энэхүү 2 хувь нь  4 хувь, 6 хувь болж нэмэгдэнэ. Нэрийн дансан дээр мөнгөжих тогтолцоо руу явж байна гэсэн үг. Бид бүтэн хуримтлалын тогтолцоо руу цаашид үе шаттайгаар шилжинэ.

-Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь олон улстай харьцуулахад хэр сайн тогтолцоо вэ. Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа доголдож, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахааргүй хэмжээнд эрсдэлд ортлоо гажуудсаны шалтгааныг юу гэж харж байна?

-Монгол Улсын ашигладаг эв санааны зарчим дээр суурилсан Нийгмийн даатгалын тогтолцоо бол олон улсад жишиг болохуйц сайн тогтолцоо. Гэтэл иргэдийн дунд “НДС өртэй, алдангитай ажиллаж байгаа муу тогтолцоо” гэсэн ойлголт байдаг. НДС яагаад ийм алдагдалтай ажиллаж, үйл ажиллагаа нь доголдох болсон гэхээр улс төрийн гэнэтийн поп шийдвэрүүдээс улбаатай.

Тухайлбал,  НДШ-ийг нөхөн төлүүлэх,  хувь хэмжээг гэмт буулгах, төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жил нэмэгдүүлнэ гэх мэт гэнэтийн шийдвэрүүд өөрөө НДС-ийн ачааллыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалд даатгуулах иргэдийн тоо бага байна. Тиймээс иргэн болоод ААН-үүдэд яагаад НДШ төлснөөр хүртэх үр өгөөж, ач холбогдлыг нь ойлгуулах хэрэгтэй байна. Иргэд НДШ-ийг бууруулахыг шаардаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ирээдүйд НДС-аас хүртэх  хувь хэмжээ тэр хэмжээгээр буурна, багасна гэсэн үг.

-Өнөөдөр ажил хийж байгаа нэг иргэний нуруун дээр хэдэн тэтгэвэр авагч иргэний ачаалал ногдож байна вэ. Цаашид тэтгэврийн реформ хийснээр энэ ачаалал хэрхэн буурах вэ?

-Монгол Улсад 2020 оны байдлаар 60-аас дээш насны хүн амын хувь хэмжээ долоон хувь байна. Энэ хэмжээ 2050 онд 28 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ бол НДС-аас авах тэтгэвэр авагчдын тоо үлэмж хэмжээнд өснө гэсэн үг. Нөгөө талдаа Монгол Улсын хүн амын дундаж наслалт өсч байна. Нийгмийн даатгалын багц хууль анх 1995 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ үед Монгол Улсын хүн амын дундаж наслалт 2022 онтой харьцуулахад 7.2 насаар нэмэгдсэн байна.

Тиймээс цаашид тэтгэврийн насыг аажмаар бодлогоор нэмэгдүүлж, иргэдийг урт хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжийг нээж өгөх шаардлагатай. Насжилтын асуудал ганцхан Монгол Улсад тулгамдаад байгаа асуудал биш дэлхий нийтийн асуудал болсон. Тиймээс дэлхийн улс орнууд нийгмийн даатгалын шимтгэлийн асуудалд эрчимтэй анхаарч байна. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулиараа урт хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, НДШ төлж байгаа иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, ашигтай байлгаж, тухайн хүн хэчнээн хэмжээний мөнгө төлсөн түүндээ тохирсон  нийгмийн даатгалын үйлчилгээ тооцуулж авдаг тогтолцоонд шилжих юм.

Хэрэв хүн амын дундаж наслалт өсөхийн хэрээр тэтгэврийн насаа уртасгаж чадахгүй бол ойрын хугацаанд нэг ажилтан нэг тэтгэвэр авагч иргэний мөнгийг бүрдүүлэх эрсдэл рүү орно. Түүнчлэн манай монголчууд ямар нэгэн нөхцөлөөр хөнгөлттэй тэтгэвэр тогтоолгодог. Нийт тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн 44 хувь нь хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байна. Өөрөөр хэлбэл НДС-ийн орлого багасаад байдаг. Нөгөө талдаа НДС-ийн орлогоос үзүүлэх хувь хэмжээ,дарамт нэмэгдэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс энэ асуудлуудыг хуульд тусгахдаа орхигдуулж болохгүй. НДС ашигтай ажиллах, эрсдэлгүй байх зохицуулалтыг энэ удаагийн хуулийн төсөлд нэлээд чамбай ажиллаж оруулж ирсэн.

Бидний яриад байгаа тэтгэврийн реформ буюу 7 жилийг 5 жилийн дунджаар тооцох, инфляцтай уялдуулж тэтгэврийн хувь хэмжээг өсгөх, итгэлцүүрийг жил бүр шинэчлэх гэх мэт тэтгэврийн хувь хэмжээтэй шууд холбоотой асуудлууд хэрэгжих үндсэн нөхцөл нь эдийн засгийн хөшүүрэг.

Өөрөөр хэлбэл төсвийн асуудал. Энэ удаагийн Засгийн газар үе үеийн Засгийн газрын хийж чадаагүй буюу төсөв дээрээ гацсан асуудлуудыг авлига хулгайтай тэмцэж, эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулж, тэтгэврийн реформ, нийгмийн даатгалын тогтолцооны реформыг хийж төсөвт тодотгол хийлээ. Тиймээс уг реформыг хийхэд шаардлагатай 1.2 их наяд төгрөгийн тал хувь нь улсын төсвийн тодотголоор орж ирж, уг хууль хэрэгжих, хөрсөн дээрээ буух бодит  нөхцөл бүрдсэн.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулсан банк нь дампуурч, түүнийг эргэн төлүүлэх, санд төвлөрүүлэх ажил ямар шатандаа  явж байна?

-Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд энэ асуудлын талаар хэлэлцэж байсан. Нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулахад хүндрэл үүсч байгаа гэдгийг байнга хэлдэг. Ер нь бол татвар төлөгч иргэдийн мөнгийг найдваргүй газар байршуулж, хэдэн зуун тэрбумаар нь алдчихсан гээд сууж байгаа нь харамсалтай, хариуцлагагүй асуудал.

Гэтэл иргэд өөрийн цалингийн хэмжээнд тохирсон шударга тэтгэврийн тогтолцоог л хүсч байна. Энэ асуудлыг хуульд заавал оруулж ирэх хэрэгтэй. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл мэргэжлийн бус гэж хэлж болохуйц хүмүүсээс бүрддэг. Олон нийт даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалсан байгууллагууд төлөөлж орно гэсэн журмын дагуу ордог. Энэ удаагийн хуульд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд мэргэжлийн хороо байгуулахаар тусгасан. Мэргэжлийн хороо нь санхүүгийн нарийн тооцоолол дээр зөвлөгөө өгдөг, эрсдэлийг тооцдог байх юм.