Хилчдын хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулах талаар зөвлөлдөв
2023.08.14

Хилчдын хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулах талаар зөвлөлдөв

2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж цэцэрлэгт хамрагдалтыг 92 хувьд хүргэж чадсан.

Тэгвэл энэ онд:

  • Малчин өрхийн хүүхэд
  • Хилийн бүсэд амьдарч буй хүүхэд
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах чиглэлд онцгой анхаарч байна.
Хилчдийн 2-5 настай 1757 хүүхэд алслагдсан бүс нутагт амьдарч байна

Тэдний 63 хувь нь сургуулийн өмнөх боловсролд, 6 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 31 хувь буюу 525 хүүхэд ямар нэгэн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

Эдгээр хүүхдүүдийн хөгжлийг дэмжих зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хамтарсан тушаал гаргаж, арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Төлөвлөгөөний дагуу өнөөдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тухайн анги, заставт байгаа бага насны хүүхдийн тооноос хамаарч Хүүхэд харах үйлчилгээг шинээр байгуулах, хүүхэд харагчийг бэлтгэх, төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулах, хилчин, албан хаагчдын гэр бүлийг цэцэрлэгийн багшаар сургах, ажлын байраар хангах боломж, нөхцөл цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Уулзалтад танхимаар болон цахимаар БШУЯ, БЕГ, БШУГ, ХЗДХЯ, ХХЕГ, ХНХЯ, ГБХЗХГ-ынн төлөөлөл болон хилийн цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд оролцлоо.