Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарна
2024.10.15

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарна

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег өчигдөр (2024.10.14) хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Монгол-Энэтхэгийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр, Кибер аюулгүй байдлын сургалтын төв болон Монгол-Энэтхэгийн найрамдлын дунд сургууль байгуулах зэрэг томоохон ажлуудыг урагшлуулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлснийг дурдаад энэ хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улстай ойр дотно хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр орны хамтран хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Атул Малхари Готсурве хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал асуудлуудаар санал солилцсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг хамтарсан томоохон төслүүдийг урагшлуулахын төлөө ажиллаж буйгаа илэрхийлэв.