2024.10.18

Б.Бат-Эрдэнэ: Төсвийн тодотголд 2028 онд хэрэгжүүлэхээр 48 төсөл оруулж ирсэн ч өнөөдөр алга!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Нэгдүгээрт, Үндэсний баялгийн сангийн хүүгийн орлогыг хэрхэн бүртгэж, зарцуулж байгаа вэ? Төсвийн төсөл дээр 55 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олохоор тусгасан байна. Гэтэл баялгийн сангийн хуулиар хүүгийн орлогын талаар тодорхой зохицуулалт тусгаагүй.  Энэ 55 тэрбум төгрөгийг хаана, яаж ном журмын дагуу бүртгэх вэ? 

Хоёрдугаарт, шинээр барилга байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртгөөс тухайн жилд ногдох эсэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож, тусгасан эсэхийг шинжлээд үзэхээр нийтдээ 21 төсөл байна. Дээрх шаардлагын дагуу тооцоогүй тусгасан буюу  төсвийн тухай хуулийн заалтыг зөрчиж буй. Үүнийг та бүхэн хэрхэн ойлгож байна? Нөгөө талдаа 2024 онд төсвийн тодотгол явсан. 2028 онд хэрэгжүүлэхээр төсвийн тодотголд 48 төсөл оруулж ирсэн. Эргээд харахаар 2025 онд нөгөө 48 төсөл байхгүй. Үүнийг хэрхэх вэ? 

Гуравдугаарт, төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр төсвийн алдагдлыг 2%-иас ихгүй байхаар заасан. Та бүхний оруулж ирсэн төсөл дээр 2,03% гэж орж ирж. 30 гаруй тэрбум төгрөгийн асуудал энд хөндөгдөж байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү? 

Дөрөвдүгээрт, Сумдад сум хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө байхгүйн дээр түүндээ зарцуулах мөнгө ч алга. Үүнээс болоод газар олголт зогсчихсон.  Үүнийг төсөв дээрээ тусгаж өгөхгүй байсан уу?

Түүний асуултад, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь хариулаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан