14 МЕГА ТӨСЛИЙГ ХӨДӨЛГӨХ "ТӨСӨВ-2025"
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд
2024.10.07

14 МЕГА ТӨСЛИЙГ ХӨДӨЛГӨХ "ТӨСӨВ-2025"

Засгийн газраас танилцуулж буй 14 МЕГА  төсөл Монгол Улсын хөгжлийн бүтээн байгуулалтын суурь дэд бүтцийг бий болгох төдийгүй, эдийн засаг, иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх томоохон ажил болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ болон түүний кабинетын сайд нар ярьж байна. 

Эдгээр төслийн зарим нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсөвтэй шууд холбоотой юм. Ирэх жилийн төсөв мега 14 төсөлдөө гол анхаарал хандуулж, бусад төсөл, арга хэмжээг үргэлжлүүлнэ. Өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 шинэ төсөл эхлүүлдэг байсан бол 2025 оны төсвийн төсөлд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлэхээр тусгасан. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд ирэх оны төсвийн тухай хууль санаачлагчийн илтгэлийг хийсэн юм. Түүний илтгэл бүхэлдээ 14 мега төсөл, тэдгээрийг тойрсон асуудлууд байлаа. 

Засгийн газраас Монгол Улс хурдтай хөгжлийн төлөө эдийн засгийн 14 мега төслийг дараах эрэмбээр 2025 онд Улсын Их Хуралд танилцуулж, ил тод хэлэлцэн шийдвэрлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.

  • Хэлэлцээрийн шатанд 18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой.
  • Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.
  • 26 жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулсан Монгол Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төсөл болох ба улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой.
  • Уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилттэй уялдуулан
  • Орхон-Онги, Хэрлэн-Тооно ус дамжуулах хоолой барих төслийг хэрэгжүүлснээр говийн бүсэд хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэж, Улаан нуурыг сэргээж, нуур орчмын экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах боломжгүй юм.
  • 2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 жил гацсан Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ. 
  • Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах Үндэсний хиймэл дагуулын төсөл хэрэгжсэнээр 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Мөн бид хиймэл оюун ухаан, технологийн шилжилтэд бэлтгэлээ хангах суурь болно.
  • Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн багц төслүүд
  • Сэргээгдэх эрчим хүчний багц төслүүд
  • Нийслэлийн дэд бүтцийн багц төслүүдийг Улсын Их Хуралд танилцуулж хамтын шийдэл гаргах болно.

Эдгээр 14 төслийн таваас доошгүй нь хэрэгжиж эхэлснээр 2025 оны төсвийн жил төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй байх болно. Уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг мөн 2025 оны төсөвт суулгаад байгаа аж.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэгдсэн төсвийн үзүүлэлт

Засгийн газар өнгөрөгч 30 жилийг цэглэж, алдааг давтахгүйн тулд хамтарсан Засгийн газар байгуулж, “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээнд үндэслэсэн АНХНЫ төсвөө Улсын Их Хуралд өргөн барьсан нь энэ юм. 

2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой хэмээн Ерөнхий сайд онцоллоо. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn