http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Туваан: Хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдвол манай намын гишүүн байсан ч хариуцлага ярина
2019.03.06
Улстөр

Ц.Туваан: Хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдвол манай намын гишүүн байсан ч хариуцлага ярина

Ардчилсан намаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авсан асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, манай намын гишүүн асан Ж.Батзандан нар гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл үнэнд нийцэхгүй. УИХ-д 65 суудалтай намд төрийн бүх эрх мэдэл байна. Ийм байхад Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна гэж худал мэдээлэл тараахаа боль. 

Ард түмэнд амласан амлалтаа биелүүлж ажилла. 60 тэрбумын гэх хэрэгт манай нам удаа дараа байр сууриа илэрхийлсээр ирсэн. ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг ч шалга тогтоо гэдэг. Хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдвол бид манай намын гишүүн байсан ч хариуцлага ярина. АН 1990 оны хувьсгал болон 1992 оны Үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, гурав дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

Харин тус намын нарийн бичгийн дарга Т.Магнай “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсантай холбоотой гаргасан Засгийн газрын тогтоолын протокол ил боллоо. Тухайн үед манай намын дарга С.Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд оролцсон ч энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна лээ” хэмээв.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-УИХ дахь танай намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тухайн үед Аж үйлдвэрийн сайд байсан, асуудлыг оруулж ирсэн юм билээ. Энэ хүндээ танайх хариуцлага тооцох уу?

-Энэ хүнд хариуцлага тооцох эрх нь УИХ-д 65 суудалтай МАН-д байна. Өнөөдөр У.Хүрэлсүхэд төрийн бүх эрх мэдэл бий. Ийм байхад түүний шүд юу ч даахгүй байна гэж байгаа бол өөрөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Хамт казино тоглодог найзаа УИХ-ын дарга, нутгийн дүүгээ ЗГХЭГ-ын дарга болгосон. Түүнд одоо төрийн бүх эрх мэдэл байна. Ажил явахгүй, урагшлахгүй гэх зовлон байхгүй.

-УИХ-д танай нам бүлэггүй болж зөвлөлийн статустайгаар ажиллахаар болсон уу. Л.Болд гишүүний намаасаа гарах асуудлыг хэлэлцсэн үү?

-Зөвлөлийн статустайгаар ажиллана. Сар хүрэхгүй хугацааны дараа хаврын чуулган эхэлнэ. Чуулган эхлэхээс өмнө Л.Болд гишүүний асуудлыг манай намын удирдлагууд хуралдаж, хэлэлцэн шийдвэрлэнэ.

ШИНЭ МЭДЭЭ