http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Туваан: Муу нэртэй ченжүүд төрийн хийж чадахгүй байгаа ложистикийн үйлчилгээг хийж байна
2020.08.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Туваан: Муу нэртэй ченжүүд төрийн хийж чадахгүй байгаа ложистикийн үйлчилгээг хийж байна

Хөдөө аж ахуйг дэмжих, малын гаралтай түүхий эд махны экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагджээ.

Бүлгийн гишүүд өчигдөр Эмээлт захын мах бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодруулга авлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн баримт бичгийг хэлэлцэж байна. Тус хөгжлийн баримт бичигт хөдөө аж ахуйн хөгжил экспортыг дэмжих асуудал хэрхэн тусгагдсан бэ?

Шинэ парламент маань 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа батлах гэж байна. Үүн дотор хөдөө аж ахуйн тэр дундаа газар тариалан, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд нилээдгүй зүйл заалтуудыг оруулж өгсөн. Гэхдээ дутагдалтай зүйлүүд бий. Тэр нь маш ерөнхий заалтууд орсон.

Одоо бид газар дээр нь танилцаад хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг өртөг шингээж борлуулах, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг маш яаралтай хөгжүүлэх хэрэгтэй. Малчдын маань бэлдэж өгсөн түүхий эд үнэгүйдэж байна. Энэ чиглэлд түлхүү үйл ажиллагаа явуулахаар УИХ-ын 20 гаруй гишүүдээс бүрдсэн лобби бүлэг байгуулагдсан. Бүлэг энэ асуудал дээр гол анхаарлаа хандуулах гэж өнөөдөр газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж байна. 

Мал аж ахуйн чиглэлээр өмнөх парламент “Монгол мал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Бэлчээрийн тухай хуулийг сайжруулах зэрэг асуудлыг хөндөж байв. Бэлчээрийн тухай хуулийг энэ парламентаар амжиж баталж чадах  болов уу.

-Бэлчээрийн менежментийг сайжруулах асуудал бол зайлшгүй шийдэх чухал асуудал болоод байна. Аймгуудын хувьд дунджаар 7-8 хувийн бэлчээрийн даац хэтэрсэн. Тийм учраас Бэлчээрийн тухай хуулийг ярихаас өөр сонголт байхгүй. Үе шаттайгаар шийдвэрлээд явна.

Газар дээр танилцаж явж байхад бизнес эрхлэгчид санхүүгийн хүндрэлээс төр Засгийн шийдвэр тогтворгүй байна зэрэг санал гомдлоо хэлж байна. Таны хувьд шийдлийг юу гэж харж байна. 

-Миний хувьд өмнө нь энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд шийдэл нь маш амархан гэж харж байна. УИХ дахь Хөдөө аж ахуйн лобби бүлгийн гишүүд удахгүй малчдын анхдугаар аян, экспорт эрхлэгчдийн улсын зөвлөгөөнийг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлгийн үеэр тодорхой шийдлүүдийг би ярих болно. 

-Одоогийн байдлаар манай улсын махны гол экспортыг Хятад улс эзэлж байна. Цаашид махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ямар арга хэмжээ авах вэ?

-Манайх Хятад, Иран, Казахстан, Япон, ОХУ руу мах экспортолдог. Гэхдээ махны экспортын 80-90 хувийг Хятад руу гаргаж байна. Гадны хүчин зүйлээс гадна дотоодын шалгалт, квот, хориг саад гэсэн дотоодын хүчин зүйлүүдийг шийдэж өгөх нь эхний зорилт.

-Бэлчээрийн малын махыг экспортлоход гол тулгардаг асуудал бол махны гарал үүсэл,махны чанарыг тодорхойлох шүү дээ. Махны гарал үүслийг тодорхойлох асуудлаар?

ДЭМБ-ын хүлээсэн үүргийнхээ дагуу малын гарал үүсэл бүртгэлийн асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ монгол малыг өвчтэй гэж хэн хэлэх вэ. Бид олон мянган жилийн турш гар аргаар нядалж идээд өвчин туссан зүйл байхгүй байна. Энэ бол харьцангуй ойлголт. 

-Махны ченжүүд малчдын гар дээрээс мал махыг бөөнд нь өндөр үнээр худалдан авч, Улаанбаатар хот руу нийлүүлж байгаагаас шалтгаалан махны үнэ буухгүй байгааг жижиглэн худалдаа эрхлэгчид хэлж байна. Махыг ченж нарын гар дамжуулахгүй болгоно гэж ярьж байна. Энэ хэр боломжтой вэ?

Энэ бараг боломжгүй. Муу нэртэй ченжүүд төрийн хийж чадахгүй байгаа ложистикийн үйлчилгээг хийж байна. Малчны зарж байгаа 10 хонийг төр очиж худалдан авахгүй нь тодорхой. Махны ченжүүд ложистикийг нуруундаа үүрч яваа хүмүүс.

-Баярлалаа

ШИНЭ МЭДЭЭ