2025.05.15

Б.Бат-Эрдэнэ: Орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлуудаа 2026 ондоо шийдэж бататгачихаад шинэ хөгжил рүү гээ орох хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Гантөмөр сайд бүсчилсэн хөгжилтэй холбоотой нэлээд чухал зүйлсийг дурдаж байна. Хэрэгжвэл сайн. Гэхдээ өнөөдөр яг бодит зүйлээ л яримаар байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутаг маань ямар байгаа билээ, хэчнээн үйлдвэр баригдах вэ, хэчнээн ажлын байр бий болох вэ? Ажлын байраас улбаатай орлогогүй иргэд дүүрэн, архидалт дүүрэн, архидалтаа дагаад хүчирхийлэл дүүрэн, ийм л түвшинд өнөөдөр сумдууд маань байна. Тэгэхээр бүсчилсэн хөгжил гээд өнөөдөр яриад байдаг. Бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлье гээд яваад байгаа маань зөв. Мэдээж олон жилийн турш хэрэгжээгүй ураны төсөл хөдөллөө. 10 бараг 20-оод жилийн хугацаанд хөдлөөгүй төмөр замын хил холболтын төслүүд маань хөдөллөө. Сайн байна, сайн ажиллаж байна гэж ойлгож байгаа. Том төслүүд хөдөлж байж эдийн засаг тэлнэ. Гэхдээ бид орон нутагт, ялангуяа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд маш олон цаасуудыг л үйлдвэрлэж байна. Яг бүс нутгийн хэмжээнд хэдэд үйлдвэрийг барьж байгуулж, хэдэн ажлын байрыг бий болгохоор хөгжлийн төлөвлөгөөнд орж ирж байна вэ?
Иргэдийн орлого хэрхэн нэмэгдэх вэ? Яг энэ бодит дүнгүүдийг л гаргаж тавимаар байна. Цаашид бид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай яриад байгаа. Яг яаж? Өнөөдрийн байгаа эрх зүйн орчин дээр гадаадын хөрөнгө оруулалт орох юмуу? Ямар боломжоор бид хангагдах ёстой юм? Үүн дээр би хариулт авмаар байна.

Хүний хөгжлийн бодлоготой холбоотой асуудлууд байна. Бас л гоё гоё зүйл бичсэн байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум Мөрөн хотоос 170 км зайтай. Өвчтөний хяналтын монитор байдаггүйгээс болоод нярай хүүхдүүдээ Мөрөн хотод мониторт үзүүлэх гээд 6 цаг явж байгаа. Дунджаар шүү. Бид өнөөдөр сум орон нутагт байгаа иргэдийнхээ асуудлыг өнөөдөр байгаа түвшинд нь шийдэж чадаагүй байж, үүнийгээ шийдэх тухай хөндөж яриагүй байж дахиад шинэ шинэ зүйл хийх тухай асуудлуудыг хөндөөд байгаа юм. Шинэ суурьшлын бүс байгуулна гээд биччихсэн байна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд. Шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ, дагуул хотуудын хатуу зөөлөн дэд бүтцийн байгуулалт эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжинэ гээд. Шинэ суурьшлын бүс байтугай өнөөдөр байгаа бүсээ бид яаж дэмжих гээд байгаа юм, яаж ажлын байраар хангах гээд байгаа юм, яаж хүн амаа тэнд орлоготой болгох гээд байгаа юм? Үүн дээрээ төвлөрсөн бодлогоо 2026 ондоо бататгаад, үүнийгээ илүү сайжруулахад эхлээд байгаа суурьшлын бүс дээрээ асуудлаа шийдчихээд дараагаар нь шинэ суурьшлын бүсээ яригүй юмуу? Бодит тоо л авмаар байна. Тэгнэ, ингэнэ гээд мөрөөдлийн жагсаалт сонсоод баймааргүй байна.

Түүний асуултад Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн