2025.05.15

Б.Мөнхсоёл: Урхагшсан төсөл хөтөлбөрүүдээ яриад өнгөрөх биш Хөгжлийн төлөвлөгөөндөө оруулж байж шийдэгдэнэ

УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл үг хэллээ

Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны гишүүн учраас асуултууд асуусан. Ялангуяа тодорхой төсөл, арга хэмжээнүүд дээр асуулт ч асууж, саналаа ч хэлсэн байгаа. Тэгэхээд одоо үг хэлье гэж бодлоо.

2026 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа 2026-2030 оны 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр суурилж чадсан уу гэж асуугаад тодорхой хариулт аваагүй. Үүн дээр анхаарах.

Хоёрдугаарт, 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлт ямар байгаа, ямар амжилттай байсан юм, сургамж нь юу байсан юм, 2026 оны төлөвлөгөөндөө алийг нь оруулах юм бэ гэдэг асуулт асуусан тодорхойгүй байсан.
Бас нэг чухал асуудал бол хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанууд биеллээ олохын тулд санхүүгийн эх үүсвэр, нөөц хэрэгтэй. Тэгэхээр энэ нь уялдаа холбоотой байж чадахгүй байна. Хөгжлийн төлөвлөгөөн дээр ажилласан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг өнөөдөр л харж таарлаа. Өчигдрийн хэлсэн саналуудтай санаа нэг байна. Үүнийг цаашид анхаарах ёстой гэж хэлмээр байна.
Тухайлбал, энэ оны эхний 3 сарын байдлаар төсвийн орлого 1,2 их наяд төгрөгөөр дутсан. 2026 онд эрдэс баялгийн үнэ хэрхэн өсөх, борлуулалтын хэмжээ ямар байхыг бид мэдэхгүй. Алтны үнэ одоогийн байгаагаас унах магадлалтай байгаа. Тэгэхээр тооцсон 33 их наяд чинь орж ирэхгүй бол яах вэ? Нөгөө олон тусгасан төсөл үйл ажиллагаанууд чинь хэрэгжихгүй шүү. Бид олон жилийн турш хөрөнгө оруулалтын тусгасан төслүүд яагаад хэрэгждэггүй вэ, гүйцэтгэл муу байна, үүнийг сайжруулъя, төсвийг сахилга баттай болгоё гэж ярьсан. Тухайн үедээ яриад өнгөрөөгөөд байх биш Хөгжлийн төлөвлөгөөндөө орж байж олон жил ярьж буй урхагшсан асуудлууд шийдэгдэх юм.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог ахалж байгаа хүний хувьд хэлэхэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл мөн дүгнэж хэлсэн байна. Тухайлбал хүний хөгжил, ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол дэд бүтцийн асуудлууд тусгагдсан боловч шалгуур үзүүлэлтүүд нь тодорхойгүй байна. Олон улсын түвшинд гаргачихсан тогтвортой хөгжлийн зорилгын үзүүлэлтүүд бий. 2030 онд дүгнэгдэх гээд байна. Энэ байдлаар зорилтот хэмжээндээ хүрэхэд хаа байсан юм. Тэр олон үзүүлэлт, зорилго дотроо. Үүнийг үр дүнтэй болгохын тулд өнөөдрөөс анхаарч ажиллах ёстой байтал 2026 оныхоо төлөвлөгөөнд дутуу хуумгай хандсан нь бас асуудал дагуулахаар байна шүү.

Өчигдрийн хэлсэн санал хэрхэн тусгагдахыг харж, хянаад явна.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн