
А.Ариунзаяа: Гурван жил алдагдалгүй төсөв батална гэдэгтээ итгэлтэй байна уу, энэ зөв үү?
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027, 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн барьсан. Сайд Гантөмөр буюу Эдийн засаг хөгжлийн яамнаас асууя. Та хариулахгүй ч байсан болно. Хариулахгүй байх нь өөрөө бас том хариулт болно. Гурван жил алдагдалгүй төсөв батална гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ зөв үү? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн одоо өгч байгаа дүгнэлт 2026 оны макро эдийн засгийн тооцооллыг өндрөөр төсөөлөхдөө алт, ураны олборлолт болон экспорт нэмэгдэх, эрчим хүчний бүтцийн, зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс химийн цогцолбор зэрэг нэр бүхий төслүүд бүгд хэрэгжих. Мөн ХАА-н салбарт хэрэгжиж буй хэдий ч макро эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй байгаа зарим төслүүдийн үр дүн 2025 болон 2026 онд гэнэт нөлөөлнө гэж үзсэн нь эрсдэл дагуулж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэсэн байна. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан байгаа төслийн талаар гишүүд ярьж байна. Авсан байгаа зээлээ ашиглаж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байна.
УИХ-ын гишүүд төсөв батлахдаа тэнэг хүмүүс биш, энд тэндээс авсан зээл ийм юманд зарцуулж байгаа, орлого тал нь энэ байна, зарлага тал нь энэ байна гээд бүртгээд төсөвтөө оруулаад явахад юу нь болохгүй байгаа юм бэ. Яагаад үүнийгээ бичээд алдагдалтай ч гэсэн үнэн, зөв төсвөө баталж болохгүй байгаа юм бэ. 10 жилийн өмнөх цаг хугацааг бид эргэн санах ёстой. ОУВС-ийн хөтөлбөрт бид яагаад орох болсон бэ? Үүнийг ч гэсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэж бичжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэгдсэн төсвийн төслийн хамт, нэгдмэл байдлаар шийдвэрлэх нь бодлогын зөв сонголт юм гэж. Улсын төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалтыг төсвийн гадуурх ямар нэгэн сувгаар дамжуулан зарцуулах нь буруу. Нэгдсэн нэг төсвийн сувгаар зарцуулах ёстой гэдгийг 2017 онд ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд мөрдлөг болгож ирсэн. Ер нь төсвийн гадуурх олон сувгийг бий болгох нь төсвийн сахилга бат хяналтыг сулруулдаг болохыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс байнга анхааруулж ирсэн.
Алдаанаасаа суралцахгүй, алдаа гаргахыг УИХ-ын гишүүд дэмжих юм уу, үгүй юм уу би мэдэхгүй байна. Төсвийн төсөөллөө оруулж ирэхдээ одоо яригдаж байгаа энэ хууль батлагдана гэсэн ийм төсөөлөлтэй орж ирж байгаа бол эргэн бодох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Та хариулж болно хариулахгүй байсан ч болно.

Сэтгүүлч