Ц.Дашдорж: Төрийн далбааны өдрийг долдугаар сарын 10-нд тэмдэглэнэ
2008.12.06

Ц.Дашдорж: Төрийн далбааны өдрийг долдугаар сарын 10-нд тэмдэглэнэ

Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Н.Батбаяр, Ц.Дашдорж нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачилжээ. Монголд баяр цөөдөөгүй гэж ихэнх хүн үздэг болохоор ийм мэдээлэл сонсоод тээнэгэлзэв. Гэтэл тэдний санаачилсан хуулийн төсөл “хундага тулгаж” шоудах тухай биш аж. Эх оронч үзэл, бахархал хомсодсон энэ цагт харин ч боломжийн санаа сэдсэн санагдав. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 5.1.15 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбааны өдөр:Долдугаар сарын 10” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Дашдоржоос тайлбар хүслээ.

-Төрийн далбаа бол Монгол төрийн албан ёсны бэлгэ тэмдэг. Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн, Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ”  гэж заасан байдаг. Сүүлийн үед, ялангуяа Бээжингийн олимпоос алтан медаль авсны дараахнаас гадаадад эх орноо сурталчлан таниулах, эх оронч үзлийн мэдрэмжийг илэрхийлэхдээ монголчууд Төрийн далбаагаа дээдлэн хэрэглэх болсон.

Иргэдээ төрийнхөө бэлгэ тэмдэгт хүндэтгэлтэй хандаж сургах, төрт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх санаагаар “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-тэй болох нь зүйтэй гэж үзээд бид хуулийн төсөл санаачилсан. Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нийг Төрийн далбааны өдөр болгох нь зохимжтой гэж үзлээ.

-Ийм баяр тэмдэглэдэг улс хэр олон байдаг бол?

-Төрийн далбаагаа баталсан болон үндэсний баярын өдөр, бусад түүхэн үйл явдал болсон цаг тооллоор “Төрийн далбааны өдөр”-өө тэмдэглэдэг юм билээ. Канад хоёрдугаар сарын 15, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14, Европын холбоо тавдугаар сарын 9, Итали нэгдүгээр сарын 7-нд “Төрийн далбааны өдөр”-өө тэмдэглэдэг. Төсөл дэмжигдвэл энэ баярын өдрийг улс даяараа тэмдэглэнэ. Эх оронч үзлийг бататгах, эх орноороо бахархах, хайрлах үзэл санаа төлөвшихөд чухал хувь нэмэр болно гэж үзсэн.