С.Эрдэнэ “Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө өмнөдийн хамтын ажиллагаа”-нд оролцлоо
БНЭУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран энэ оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Шинэ Дели хотноо зохион байгуулсан “Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө Өмнөдийн хамтын ажиллагаа” сэдэвт Дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалтад Монгол Улсаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Энэ удаагийн уулзалт “Өмнөдийн хамтын ажиллагааны Бээжингийн тунхаг бичиг”-ээс гарсан зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг дүгнэж, “Өсвөр үеийнхний одоогийн эрх, ирээдүйн боломжийг бий болгох”, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжиж, эрхийг хэрэгжүүлэх”, “Хот суурин ба Хүүхдийн эрхийг хангах боломж” зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд явагдсан байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хот суурин ба Хүүхдийн эрхийг хангах боломж” сэдэвт салбар зөвлөгөөний үеэр Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдийн эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт, ололт амжилт, цаашдын чиглэлийн талаар үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ;
Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн төлөө өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны дээд хэмжээний Бээжингийн Тунхаглалаас гарсан үйл ажиллагааны зорилтуудыг үндэсний бодлого, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглээд, Монгол Улсад хүүхдийн эрхийг хангахад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай тодорхой мэдээллээ. Тухайлбал: Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар хүүхдэд ээлтэй үйл ажиллагааны шинэ стратеги дэвшүүлж, эх, нярайд чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх, 59 сар хүртэл хугацаанд хүүхдийн өсөлт хөгжлийг хянах, 6 хүртэл насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хамралтыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа зэргийг дурьдсан болно.
Төгсгөлд нь: Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн "Хүүхдийн эрхийн төлөө Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны тунхаг бичиг"-ийн хэрэгжилтийг хангах, бүс нутгийн хэмжээн дэх хүүхэд, өсвөр үеийнхний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүүхэд бүрийн эрх ашгийг харилцан хамгаалах талаар орон бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийлж, 2014 оны 3 дугаар сард “Хүүхдийн эрх ба уул уурхай” сэдвээр Олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах болсныг мэдэгдэж, уул уурхайн тогтвортой төдийгүй хүүхэд, гэр бүлд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээрх мэдээлэл, туршлагаа хуваалцахыг Өмнөд-өмнөдийн түншлэлд оролцогч бүх талуудад уриалав.
Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудаас нийт 25 улсын салбарын сайд нар болон бусад өндөр албаны төлөөлөгчид оролцож, “Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө Өмнөдийн хамтын ажиллагаа”-ны Делийн тунхаг бичгийг нэгэн зорилгын дор баталлаа.
Оролцогч улс орнууд тунхаг бичгийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай илтгэлээ 2015 оны 4 дүгээр улиралд багтаан гаргахаар тогтов.