С вирус шинжлэх лабораторийг зарлана
2015.08.26

С вирус шинжлэх лабораторийг зарлана

Монгол Улсад вируст хепатитын халдвартай 700 мянга гаруй хүн бий.

Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш юм. Үүний 450 мянга нь элэгний С вирустай гэж үздэг. Гэвч өнөөдрийн байдлаар элэгний С вирусыг бүрэн эмчлэх эм байхгүй юм. Тиймээс Эрүүл мэнд, спортын яамны оролцоотойгоор элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг ирэх аравдугаар сарын сүүлээр Монголд оруулж ирэхээр болсон билээ. Нэн тэргүүнд энэ эмийг ямар хүнд өгөх вэ? гэх асуулт бий. Тиймээс ч юуны түрүүнд иргэд яаралтай С вирусын шинжилгээ өгөх шаардлагатай юм.

С вирустай эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах юм. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Элэгний С вирустай нь тогтоогдвол ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгүүлээрэй. Тухайн эмнэлэг бүрт сургалтад хамрагдсан мэргэжлийн эмч бий. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын эмнэлэгт ажиллаж байгаа аж. Энэ бүртгэлийг эмийн компани руу илгээх юм. Дараагийн ээлжинд итгэмжлэгдсэн лабораторит С вирусаа тоолуулна.

Лабораториуд тодорсон уу?

Анхан шатны шинжилгээгээ хийлгэсэн иргэд дараагийн ээлжинд С вирусын итгэмжлэгдсэн лабораторит хандана. Гэхдээ одоогоор лабораториуд тодорхой болоогүй юм байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр одоогоор лабораториудыг шинжилж байгаа аж. Элэгний С вирусын шинжилгээ хийх 10 орчим хүсэлт иржээ. Эдгээрийн ихэнх нь хувийн эмнэлэг юм байна. ХӨСҮТ-өөс эдгээр эмнэлгүүдэд шинжилгээ хийгээд нэрсийг 31-ний дотор зарлахаар болжээ.