Япон улсын шүдний эмч нар Дархан-Уул аймгийн иргэдэд үнэ төлбөргүй үйлчиллээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар “Эрүүл хүн үндэсний баялаг” уриан дор 3 дахь жилдээ Япон улсаас 30 хүний бүрэлдэхүүнтэй шүдний эмч нарын багийг урьж, нийт Дархан хотын 1500 гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийгээд байна.
Японы шүдний эмч нар үзлэг, эмчилгээгээ энэ өвчлөлд өртөмтгий 0-7 хүртэлх бага насны хүүхдүүдэд хийж, насанд хүрэгчдэд анхан шатны тусламж зөвлөгөө үзүүлсэн. Үзлэгийн явцад хүүхдүүдийн дийлэнх нь шүд цооролттой байгааг онцолж амьдралын хэв маягаас үүдэн шүдээ илүү зөв, тогтмол хугацаатайгаар угааж хэвшихийг зөвлөсөн байна.
“Эрүүл хүн Үндэсний баялаг” уриан дор зохион байгуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгийг Дархан-Уул аймагт ийнхүү зохион байгууллаа.
Мөн тун удахгүй ОХУ-ын Буриад улсын нарийн мэргэжлийн болон Олон улсын зүрх судасны эмч нар бүрэн бүрэлдэхүүнээр ирж тус аймгийн иргэдийг үзэх юм.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн салбарт өнгөрсөн гурван жилд Улсын төсвөөс гурван тэрбум гаруй төсвийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.