ЭЗБХ: “Саарал жагсаалтад” орох эрсдлээс сэргийлэх чиглэлээр бүх шатандаа нягт хамтран ажиллах шаардлага бий гэлээ
2019.06.12

ЭЗБХ: “Саарал жагсаалтад” орох эрсдлээс сэргийлэх чиглэлээр бүх шатандаа нягт хамтран ажиллах шаардлага бий гэлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.06.12) хуралдаан 12 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Монголбанк тайлант хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлангийн танилцуулгын эхэнд тэмдэглэв. 


 

Санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлсэн талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцуулсан. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Тодруулбал, Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай, Үндэсний төлбөрнйн системийн тухай, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулсан гэв. Үүний үр дүнд банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын стандарт болон шилдэг туршлагад нийцүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой аж.

Цаашид Активын удирдлагын компанийн тухай, Валютын зохицуулалтын тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа бол Эрдэнэсийн сангийн тухай, Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Векселийн тухай, Банкны эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах, өөрчлөлт, нэмэлт оруулахаар санал авах шатандаа ажиллаж байгаа гэлээ.

Монголбанк ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байгаагаа дурдав. Монголбанк Засгийн газартай хамтран “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулж УИХ-аар батлуулан, инфляцийг тогтворжуулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Үүний зэрэгцээ ОУВС-тай урьдчилан зөвшилцөлд хүрч, хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн гарын үсэгтэйгээр 2016 оны 10 дугаар сард хүргүүлсэн юм. Хэлцэл хийхэд амаргүй нөхцөл байсныг тэрбээр танилцуулгадаа онцолсон. Тухайн үед Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлт 2017 оны III сард, Хятадын Ардын банк болон Монголбанкны хооронд байгуулсан төгрөг, юанийн своп хэлцлээр Монголын талын авч ашигласан юанийн эргэн төлөлт 2017 оны VIII сараас эхлэх, Чингис бондын 500 сая ам.долларын эргэн төлөлт 2018 оны I сард, Димсан бондын 1 тэрбум юань (160 орчим сая ам.доллар)-ий эргэн төлөлт 2018 оны VI дугаар сард хийгдэхээр хүлээгдэж байсныг Н.Баяртсайхан ерөнхийлөгч дурдав. Эдгээр өр төлбөр нь тухай үеийн гадаад валютын албан нөөцөөс 4 дахин давсан хэмжээтэй байсан бөгөөд энэ нь дотоодын валютын зах зээл дээр ноцтой хүндрэл бий болгохоор байсан аж.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсаны үр дүнд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Хөгжлийн банк, Засгийн газрын бондуудыг амжилттай дахин санхүүжүүлж, 2017 оны VIII сарын 21-нд хугацаа дуусахаар хүлээгдэж байсан Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгахаар болж богино хугацааны өрийн дарамт буурсан гэлээ.

Монголбанкны зүгээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талаараа дэмжин ажиллаж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд тохирсон Төв банкны дотоод цэвэр активын дээд хязгаар, гадаад цэвэр активын доод хязгаарын тоон зорилтууд болон урьдчилан авах арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн хөтөлбөрийн үнэлгээг амжилттай хийлгэж байгаа гэв.

2017, 2018 онд эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилттай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн байна. Тухайлбал, 2018 онд мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжиж байгаа тоон үзүүлэлтийг танилцуулсан. 2019 оны эхний улиралд эдийн засагт 8.6 хувийн өсөлт гарсан байна. Энэ бол дэлхийд өндөр хэмээн тооцогдох үзүүлэлт аж.

Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 оны эцэст 16.9 хувь болж, сүүлийн 6 жилийн хамгийн бага түвшинд хүрчээ. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өссөн байна.

Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болжээ. Монголбанк бодит эдийн засгийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онуудад шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг болсон байна.

Хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр 2018 оны турш сар бүрийн инфляцийн 3-4 нэгж хувийг эрэлтийн шинж чанартай инфляци бүрдүүлсэн гэлээ. 2018 онд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэн татварын орлого 30 хувь сайжирсан, ажилгүйдэл 2018 оны IV улиралд сүүлийн 13 улирлын доод түвшин буюу 6.6 хувь болж буурсан, санхүүгийн зуучлал нэмэгдэн банкны зээлийн өсөлт 2018 онд 20 хувь давсан, бизнесийн зээлийн өсөлт 17 хувьд хүрсэн зэрэг нь бодит эдийн засаг дээр ч, санхүүгийн зах зээлийн хувьд ч дэвшил болжээ. 


Монголбанкны өөрийн хөрөнгө (хуримтлагдсан алдагдал) -3 их наяд төгрөг байсныг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, цаашид эерэг болгох зорилт тавин ажиллаж буйгаа тайланд дурдав. 2012-2016 онд Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагаа эрхэлж, гадаад валютын өрийг нэмэгдүүлсэн нь 3 их наяд төгрөгийн алдагдал хуримтлагдах шалтгаан болсон аж.

Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн хэрэгслүүдийг шаардлагатай тухай бүр зах зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулан ашиглаж байгаа гэлээ.

Гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй, санхүүгийн сахилга батыг хангаж ажилласны үр дүнд 2017, 2018 онд ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгө -3 их наяд төгрөг байсныг 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, -1.8 их наяд төгрөг болгоод байгаа аж. Одоо баримталж буй зарчим, үйл ажиллагаагаа цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019, 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд өөрийн хөрөнгөө эерэг болгох зорилт тавин ажиллаж байгаа аж. 

Үргэлжлүүлэн тэрбээр гадаад валютын албан нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн талаараа тайлагнав.

2016 оны эхний 3 улиралд гадаад валютын албан нөөц 1 тэрбум ам.доллар, харин гадаад валютын цэвэр нөөц Монголбанкны тодорхойлсноор -402.5 сая ам.доллар, ОУВС-гийн тодорхойлолтоор -2.75 тэрбум ам.долларт хүрээд байсан.

Гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр болох үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг хослуулан үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын албан нөөцийг сүүлийн 2 жилд 4 дахин өсгөн 3.8 тэрбум ам.долларт буюу импортын 9 орчим сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэн нэмэгдүүлсэн байна.

Монголбанк энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт-2” хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутагт худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч энэ эх үүсвэрээс бил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлжээ.

Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулсан гэлээ. Эдгээрийн үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээх, улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Гэхдээ гадаад валютын албан нөөцийн хүрсэн түвшинг том дүнтэй интервенци хийх замаар эргүүлээд үрэн таран хийх нь эдийн засгийн дунд хугацааны төлөвт эргээд маш ноцтой эрсдлүүдийг бий болгох магадлалтайг хэллээ.

Богино хугацааны хэт огцом хэлбэлзлийг бууруулах, валютын ханш суурь нөхцөлтэй нийцтэй түвшинд байлгах чиглэлд Монголбанк валютын захад оролцож ирсэн. 2018 оны хувьд валютын дуудлага худалдаагаар 1.2 тэрбум ам.доллар, 2019 оны эхний 4 сарын байдлаар валютын дуудлага худалдаагаар 804 сая ам.доллар нийлүүлээд байгаа аж. Үргэлжлүүлэн Н.Баяртсайхан Монголбанкны дотоод үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн юм. Удирдлагын чадварлаг залуу баг бүрдүүлэн, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгон ажиллажээ. Түүнчлэн Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээж, Монгол Улсын эрдэнэсийн сан ном гаргаж, хосгүй үнэт эрдэнэсийн сангийн үзвэрээс бүрдсэн музей болгон тохижуулжээ.   

Н.Баяртсайхан ерөнхийлөгч үргэлжлүүлэн Монголын эдийн засагт дунд хугацаанд тулгарч буй сорилтуудын талаар мэдээлэл хийв. Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж байгаа аж. Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13.3 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ. Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх дүн 7.1 тэрбум ам.доллар байхаар байгаа аж. Тиймд гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага бий. Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Түүнчлэн Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “Саарал жагсаалтад” орох эрсдэл өндөр хэвээр байгаа гэлээ. Хэрэв энэхүү жагсаалтад орох тохиолдолд гадаадын банкууд дотоод банкуудтай төлбөр тооцоо хийхээ зогсоож, Монгол Улсын гадаад төлбөр тооцоонд хүндрэл бий болж, гадаад хуладааны зээл зогсохын зэрэгцээ гадаад санхүү, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтад маш ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг тайлбарлав. Тодруулбал, Монгол Улс санхүүгийн гүйлгээний хувьд “хаалттай” нөхцөл байдалд орно. Тиймд Монголбанк төдийгүй Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг хууль, хүчний байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч, нягт хамтран ажиллах шаардлагатай гэдгийг хэлэв. 


Мөн олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ 2021 оноос буурах эрсдэл өндөр байгааг танилцуулсан. Монголбанк гадаад валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чандлан сахих, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, банк, санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтортой хэрэгжүүлэх, уул уурхайгаас буад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох шаардлага бий гэдгийг хэлж байв. 


Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төв банкны бодлогын хүү буурч байхад зээлийн хүү бодитоор буурахгүй байгаа шалтгааныг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг нар  эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахын зэрэгцээ хүртээмжийг бодит байдлаар иргэдэд хүргэх арга замын талаар, хөрөнгийн зах зээлийн хөгжүүлэлтийн талаар лавлав.

Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын явц болон татварын орчны өөрчлөлт алтны нөөц бүрдүүлэлтэд нөлөөлж буй эсэхийг Ц.Гарамжав гишүүн асуусан бол Б.Баттөмөр гишүүн арилжааны банкуудын үйл ажиллагааны алдагдлын талаар, хадгаламжийн нөхцөл байдлын талаар асууж ажлын хэсгээс хариулт авсан.

Ийнхүү гишүүд Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Л.Болд, Я.Содбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа, Ж.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.