Унгар Улс газар тариалангийн усалгааны системийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна
2020.01.23

Унгар Улс газар тариалангийн усалгааны системийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж байгаа ба энэ үеэр Унгар Улсын Хөдөө аж ахуйн сайд Иштван Нагитай ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Сайд Ч.Улаан хоёр орны засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр олон жил ажилласан "Сонгино дахь Биокомбинатын шинэчлөлийн төсөл"-ийн гэрээ, хэлэлцээрийн ажил эцэслэгдэж, энэ хавар барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Унгарын талд дуулгасан ба энэхүү мэдээг айлын тал баяртайгаар хүлээн авлаа.

Ийнхүү 11 жил ажилласан төсөл хэрэгжиж эхлэх болсонд туйлын баяртай байгаагаа сайд Ишвтан Наги уламжилж, Унгарын Хөдөө аж ахуйн яамны зүгээс дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Шинэчилсэн үйлдвэрийн барилгын ажил явагдаж байх үед тус үйлдвэрийг ажиллуулах боловсон хүчнийг дахин сургах, чадавхижуулах, шинэ боловсон хүчнийг бэлтгэх богино, дунд, урт хугацааны сургалтуудыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Ингэснээр үйлдвэр ашиглалтанд орох үед боловсон хүчин бүрэн бэлтгэгдсэн байх юм. Үүнээс гадна Биокомбинатын шинэчлэлийн төслийн асуудал шийдвэрлэгдсэн тул Унгарын Засгийн газраас дараагийн төслийн саналаа боловсруулахад хамтран ажиллах боломжтой гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал, Унгар Улсын хувьд усны менежмент, усалгааны технологийн чиглэлээр дэлхийг тэргүүлдэг ба энэхүү ноу-хау, технологийг Монголд нэвтрүүлэх, инженерийн хийцтэй бэлчээрийн худгийг байгуулах, газар тариалангийн усалгааны системийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдав. Мөн механикжуулсан хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн агуулахын сүлжээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэлээ.