Байдрагийн цутгаланд дэлбээлсэн Бадамцэцэг
“Ачлал” их дэлгүүр
Магваны Билэгт гэж ажил хэрэгч гялалзуур бүсгүй байдаг. М.Билэгт Улаанбаатарын гуравдугаар хороолол дахь “Ачлал” их дэлгүүрийн эзэн, олны танил бизнесмен хүн. Яриаг нь сонслоо. Сонин түүх ярилаа.
“Өнөөдрийн энэ хэмжээнд хүрнэ гэж би төсөөлөө ч үгүй, мөрөөдөө ч үгүй, бодоо ч үгүй явсан. Наймаа хийж байгаа болохоор чинь Орос руу явна, Бээжин явна. Эхний хэдэн жилд манай нөхөр урагшаа, би хойшоо явдаг байсан юм. Тэгж явах зууртаа харж байхад Орос, Хятадьн наймаачид манайхаас хавьгүй илүү тохилог сайхан дэлгүүрт худалдаа наймаагаа хийдэг байсан. Манай наймаачид болохоор ар талдаа цагаан ч юм уу ямар нэгэн тийм үрчгэр даавуу өлгөчихсөн, тэрний наад талаар нь торон сээтэг татчихсан, тэгээд гинжнээс өлгүүр өлгөчихсөн байдаг байсан. Би “Ачлал” их дэлгүүрээ бариад энэ хүмүүсийн нэг хэсгийг нь ч гэсэн оруулчих юм сан гэж бодож зорьсон. Гэтэл дэлгүүрийн барилга барья гэхээр барьцаанд тавих хөрөнгө нь ч хаана байлаа. Банкнаас зээл авч чадах боломж нь ч хаана байлаа. Аль нь ч байхгүй юм чинь.
Олны итгэл даасан хүн
Тэгээд найз нөхөддөө итгэл өгөхөөр шийдсэн. Энэнээс нь зээлээд л, энэний төлөх хугацаа болчихсон бол тэрнээс аваад л. Ингэж л итгэл дааж хооронд нь сэлгүүлж чадсаны хүчинд дэлгүүрээ барьсан. Тэгтэл дэлгүүрийн дотоод төхөөрөмж хэрэгтэй боллоо. Би ийм их дэлгүүр 2 сарын дараа ашиглалтад оруулна, захиалгаа өгөөрэй гэж телевизээр зарлал явуулсан. Тэгтэл маргаашаас нь эхлээд манай хүүхнүүд чинь оочирлоод л захиалгаа өгчихөж байгаа байхгүй юу. Өгөөд л, оочирлоод л үгүй мөн урамтай байсан шүү. Нөгөө хүүхнүүд пасактай, тэгээд 200000, 300000 тэр байтугай сая төгрөг пасканаасаа гаргаж урьдчилгаа төлбөр төлөөд л байж билээ. Яагаад ч юм надад итгэсэн хэрэг биз. Тэгээд тэр мөнгөө аваад өвгөнтэйгөө Бээжин явлаа. Тэгтэл Бээжинд очсон чинь нөгөө арлан гээч юм нь олддоггүй.
Телевизээр гаргасан юм чинь яг л түүнийг олж аваачих ёстой, олны итгэлийг алдаж болохгүй гээд үгүй мөн сандарч билээ. Тэгсэн яг тийм арлан хийдэг үйлдвэр байгуулагдсан байхтай нь тааралдаж тэр арлан, өлгүүрийг нь авчирч дэлгүүрээ нээж байсан. Хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр явах юм бол бүх юм заавал бүтдэг. Ер нь ханийнхаа ч, хадмынхаа ч, аав ээжийнхээ ч, хамт олныхоо ч, бусад бүх хүний ч надад өгч байгаа итгэлийг даагаад байвал бүх юм бүтээд байх шиг байдаг. Ингэж тэр ярьсан.
Нээрэн ингэхэд итгэлээс баян амьдрал, итгэлээс ариун хорвоо гэж байдаг юм болов уу? Байхгүй л байх аа даа. Хүний хорвоод итгэл даах шиг барагдашгүй их бүтээлч эрчим хүч /энерги/ гэж байхгүй юм шиг байгаа юм. “Олны хүч оломгүй далай” гэж манай өвөг дээдэс огт дэмий үг амнаасаа унагаагүй биз.
Харин энэ торгон ухаарлыг тэр бүсгүй хэзээ хаанаас хэрхэн олж авсан нь сонин байж болно. Миний ажиж мэдсэнээр бол өөрийнх нь ээж Данаа, бас нэг танихгүй өвөө хоёр зонхилж нөлөөлсөн юм байна.
Аав харцаараа, ээж үгээрээ удирддаг байлаа
-Яагаад ч юм, аав маань олон таван үггүй боловч би аавынхаа харцаар нь л удирдуулдаг. Миний ээж бол өөрөө ариун журамтай ээж л дээ. Тиймээс хүний итгэлийг, ханийнхаа итгэлийг дааж яваарай гэж байнга захидаг. Түүнээс гадна надад нэг сайн өвөө байсан юм. Намайг хотод сургуульд ирээд танил айлдаа байхад хажуугийн хашаанд байсан өвөө л дөө. Яг л өөрийнхөө төрсөн ач охин шиг надад сайн байх. Хоёрдугаар курст ордог жилээ би дотуур байранд суух болсон чинь “Болохгүй” гээд өөрийнхөө гэрт байлгаж билээ. Үүнийг ээж минь сонсоод “Миний охины өвөө чинь яасан буянтай сайхан өвөө вэ? Ээ дээ хөгшин хүний итгэлийг л битгий алдаарай” гэж дахин дахин сануулдагсан.
Төрснөөс өөрцгүй өвөөтэй болсон
Үнэхээр сайн өвөө л дөө. Намайг нөхөрт гарч хурим хийсний дараа манайхыг хадмын хашаанд дөнгөж долоо хонуулаад дараа нь хашаандаа аваачаад буулгачихаж байгаа юм чинь. Ингэж итгэлийг нь дааж яваад төрснөөс өөрцгүй өвөөтэй болчихсон удаа бий. Хүний итгэл даана гэдэг үнэхээр сайхан хэмээн хуучилсан билээ.
Дашрамд тэмдэглэхэд “Тунгалаг Тамир” романд зах зээл төлөөлсөн гол дүрд Итгэлт нэр өгснийг бодоход Лодойдамба гуай бас л аугаа хүн байж.
Түүний төрөлх нутаг
Аливаа хүний хэн болохыг тодруулах гэхдээ түүний нутаг ус хийгээд аймаг сум, баг, өөрийнх нь удам гарвалыг заавал шохоорхох хүсэл төрдөг. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн үгтэй учраас тэр. Одоо энд тэр л цонхоороо М.Билэгтийг харуулъя. Тэр Баянхонгорын Баацагаан сумын хүүхэд. Манай Бөмбөгөр сумтай хэзээнээс нааш хаяа нийлэн мянганыг туулж ирсэн болохоор Баацагааныхныг манайхан сайн мэднэ. Одоогоос тавиад жилийн тэртээ манай Бөмбөгөрийнхнийг удирдан захирдаг дарга нар голдуу Баацагаан сумаас ирдэг байсан сан. Бөмбөгөр сумын даргаар ирж байсан Равдан, Даваажав, сумын орлогч дарга Пүрэвжав, Шартолгой, захирал Чимид, багш Сувд, Бямба гээд олон хүнийг мэдэх юм. Цөм илүү дутуу элдэв ааш авиргүй түвшин сайн хүмүүс байсан.
Холын түүх сөхөх учир
Холын түүх сөхвөөс Баацагаан сумын өвөг нь дээр үеийн Сайн ноён хан аймгийн Дархан гүний хошуу. Тус хошуу нь анх 1712 онд мөнөөх “Асрагч нэртийн түүх”-ийг зохиосон алдарт Шамбаа тойны үеэл дүү Дорж тайжийн эзэмшил хошуу гэж байгуулагдсан түүх байдаг юм. Монгол алтайн салбар уулс гурван Аргалантын нуруунаас Хэрсэнгийн тал, Тоглох Дарвагай, Долоодын тээг, Гучингийн гол, Дөвөнт, Мухар эрэг, Хайрхан даваа, Хангайн нурууны Тээл-Жаргалантын гол хүртэл лавтайяа арваад өртөө үргэлжилсэн уртавтар нутагтай хошуу байсан гэдэг.
Сонин баримт байдаг юм. XIX зууны дундуур тус хошууны засаг ноён, тэргүүн зэргийн тайж Баянжаргал хошууныхаа хүн малын тооллого хийж бүртгэхэд 500 гаад хүн амтай байсны гуравны нэг нь буюу зуун тавиад нь тайж нар байсан гэдэг юм. Бүхэл бүтэн нэгэн хошууны хүн амын гуравны нэг нь тайж нар буюу алтан ургийн холбогдолтой хүмүүс байна гэдэг нь цаанаа нэг юм хэлээд байна. Төрийн хүмүүсийн хүчтэй удам байгаагийн гэрч юмсан уу.
Манай Баацагаан сумынхан хэзээний дуу хуур найр наадамд дуртай, наргианч, бөх морь сайтай, хөөрүү цагаан сэтгэлтэй, хөгжүүн хүмүүс. Баянхонгор аймгийн харьяат, төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн, П.Пүрэвсүрэн хоёр хоёулаа Баацагаан сумын унаган иргэд байгаа нь зөвхөн тэрхэн хоёрын гоц гойд авьяас мөн хэдүй боловч тус сумынхан ерөнхийдөө эмзэг онгон сэтгэлийн уламжлалтайг харуулдаг байж яагаад болохгүй гэж.
Би эрт үеийн Дархан гүнийхний түүхэн дэвшилтэд уламжлал, өнөөгийн Билэгт хүүхний төлөвшил хоёрын хооронд тэнцүүгийн тэмдэг тавих гээгүй.
М.Билэгт бүсгүй бие даасан авхаалжтай сэргэлэн хүн мөн боловч Алтайн нурууны Гурван Аргалант, Таван элс, Баруун хаяа, Баян сайр, Байдрагийн цутгалан гээд нутаглаж явсан уугуул нутаг нь түүнд “Баацагаан” хүний таних тэмдгийг тодоос тод дарж орхижээ. Дээхнэ үед тус сумын дарга байсан Дувдангийн Дэлэгийн ач охин нь М.Билэгт юм байна. Дувдангийн Дэлэг 1939 оны 11 дүгээр сард Баацагаан сумын даргаар сонгогдсон агаад 1940 онд БНМАУ-ын VIII их хуралд төлөөлөгчөөр оролцож “Маршал Чойбалсангийн” гэж нэрлэгдсэн шинэ Үндсэн хуулийг батлалцсан түүхтэй нэгэн юм билээ. Билэгтийн аав Магван нь Дэлэг хэмээх айлын хүү мөн боловч эмээ ээжийнхээ аав Лувсанчой хэмээгчийн гар дээр өсөж өндийсөн тул Чой овогтой явдаг гэнэ. Энэхүү Лувсанчой нь 1920-иод оны дундуур өөрийн сумыг анхлан байгуулах хуралд оролцохдоо хурлыг удирдах тэргүүлэгчдийн даргаар сонгогдож байсан түүх бас байна. Эдгээр баримт В.Лундаагийн туурвисан “Баацагаан” номонд байна билээ.
М.Билэгтийн бага нас
Хувийн намтар сэлт нь олон хүүхэдтэй малчин айлын хүүхэд ямар байдаг сан билээ тийм л ахуйд өсөн торнисныг мэдүүлж байна. Тухайлбал, Магваных гэдэг энэ өрх айлын арваад хүүхдийн ууган нь юм байна. Ууган нь учраас өөрийн ээжийн хажуугаар дүү нараа чирч асарч чухам үнэндээ “жоохон ээж’ нь болж явжээ. Дүү нараа төрсөн даруйд даавууг угаалцаж, хөлд ороход нь гараас нь хөтөлж, хэлд ороход нь “ээж аав” гэсэн үг хэлүүлж явахын завсар чөлөөнд өөрөө авхаалж сэргэлэн болохоор оёх урлахаас эхлээд морь унах, гүү саах, мал услах, хонь хариулах, гэр орныг цэвэрлэж янзлах зэрэг тоолж ул барам “мянган нэрийн” ажлыг хийж сурчээ. Билэгт бага насаа дурсахдаа: Ерөөсөө хөдөөний хүүхдүүд яадаг гэж санана. Их л удаж 4, 5 нас хүрээд шилбүүр барьж, хурга ишгээ хариулаад эхэлдгийм. Хийхгүй ажил байхгүй дээ, Би өөрийнхөө амьдралаас ярихад нар мандав уу үгүй юу босоод адуундаа явна, адуугаа хурааж ирээд унагаа уяна.
Хамгийн эхний ажил тэр. Гэхдээ бид нар чинь өрсөлддөг л дөө, их хөөрхөн. Нөгөө саахалтынхаа хүүхдүүдээс эрт унагаа уях гээд улам эрт босч, дөнгөж нар гарч байхад чинь унагаа уяж байдаг байхгүй юу. Дараа нь үнээгээ саана, хээр хонуулсан ямаагаа тууж ирнэ. Тэр үед чинь ямаагаа орой ишигнээс нь салгаад, ойрхон бэлчээрт туудаг байсан. Манай тэнд чоно байхгүй, амар л даа. Ямаагаа тууж ирээд саана, сүүгээ хөөрүүлнэ, за тэгж байтал өдөр түлшиндээ явна. Ирээд гурилаа илдэнэ, өдөр оройн хоол бэлдэнэ. Орой бас үнээ саана, өдөр заваараа гүү саана. Орой ямаагаа саачихаад ишгээ нийлүүлээд буцааж ялгана. Хөдөөний хүүхдүүд аав ээжтэйгээ хамт өглөө нар мандахаас эхлээд орой унтан унтталаа тийнхүү борви бохис хийхгүй хөдөлмөрлөдөг юм гэж тэр нэгэн удаагийн теле уулзалтаар ярьсан байна.
«Гахай» үүрсэн М.Билэгт
Ерээд оны эхээр “гахай” үүрч ганзага мялааж эхлээд ямарваа бэрхшээлийг ажралгүй давж явсаар арваадхан жилийн дараа данагар бизнесмен болсны оосор бүч нь Магван гэдэг энэхүү малчин айлын тотгоноос уяатай байх мэт ээ.
Түүний ханийг Батаагийн Мөнхжаргал гэдэг юм билээ. Хөвсгөлийн Төмөрбулаг сумын айл гэсэн. Ээж нь Төв аймгийн Өнжүүл сумын Дашзэвэг гэдэг бүсгүй. Эдний найман хүүхдийн дунд хүүхэд нь Мөнхжаргал хүү юм байна.
Айлын гэргий М.Билэгт
М.Билэгт бээр:
-Бид уг нь техникумд нэг ангид орж таараад тэнд танилцаж ханилсан нэг ангийн хоёр. Хоёулаа геодезийн мэргэжилтэй. Эрийн хийморь гэрийн хоймор гэж байдаг болохоор нөхөр маань урьдаар дээд сургууль төгссөн байх ёстой гээд нөхрөө сургуульд оруулчихсан юм. Нэлээн хойно би өөрөө удирдлагын академийг төгссөн л дөө. Бас улс төрийн дээд боловсрол олж авсан.
Одоо яах билээ
Зах зээл дөнгөж эхлэнгүүт миний хамаг амь зуулгыг залгуулж агсан залуучуудын эвлэлийн байгууллага маань татан буугдахад хүрч би ажилгүй болчихож байгаа юм. Одоо яах билээ гэж бодогдож эхэллээ.
Нөхөр маань оюутан. Тэр үед манай том охин сургуульд орох боллоо. Харин охиноо өөдтэйхөн хувцаслахын тулд дээд сургуульд сурч байгаа төрсөн дүүгийнхээ 10 жилд өмсөж байсан юбкийг жижиг болгож өмсгөөд, бага хүүхдийнхээ өлгийний даавуунаас шилж цамц малгай оёж өгөөд, охиноо хөтөлж, хүүгээ тэврээд сургууль уруу нь явж байж билээ. Нэгэнт пал хийтэл нөмрөөд авсан гачигдаж дутагдах амьдрал ахуйн бэрхшээлийг давж гарах гэж дутуу хоолтой, хагас нойртой чарайтал зүтгэж явсан нь бодогдсон байлгүй. Хэзээ ямагт, ямар ч нөхцөлд бусдын итгэлийг дааж явснаар л охорхон хугацаанд санаанд оромгүй сайхан үр дүнд хүрснээ эргэн санасан ч юмсан уу? Ямарч атугай ч санаа алдах шалтгаан байсан л байж.
Ерэн хоёр оны үед ажлаасаа цомтгогдож, нялх хүүхдийнхээ өлгийний давуунаас илүүчлэн охиндоо хувцас хийж явсан Билэгтийг хорь хүрэхгүй жилийн дараа том бизнесмен болчих юм гэж хэн санахсан билээ. Гэвч чадсан л байдаг юм байна аа. Энэ бол зүүд шиг санагдавч зүүд биш үнэн амьдралын баримт. Зүүд ч биш. Үлгэр домгийн ид шид ч биш. Зөвхөн нөр ихээр хөдөлмөрлөж сурсны ид шид. Багадаа малчин ахуйгаас шимж хөхсөн хүмүүнлэг түвшин хүмүүжил нь энэ өндөрлөгт хөтөлж иржээ.
М.Билэгт ярианыхаа завсарт:
-Хань маань ч политехникумын дээдийг төгсөөд ганзагын наймаанд бас гарсан. Хоёулаа овоо жаахан мөнгөтэй болж аваад эхлээд Оросоос, дараа нь Германаас шоколад контейнерээр оруулж ирдэг болсон. Ямар сайндаа Мөнхөө маань “шоколад Мөнхөө” нэр авч байхав дээ гэж хуучлаад чих дан хийтэл тас тас инээж билээ.
Нийгэм төрийн төлөө санаа сэтгэл чилээж явдаг төрөлх удмынхаа унаган чанарыг тавьдаггүй хүн юм байна.
Бэлтэй мөнгөтэй М.Билэгт юунд тэгтэл сэтгэл доноголзоно вэ
-Монголчууд бид гадаад дотоодын хатуу сэтгэлтнүүдийн зугааг нялх биеэрээ хангаж байгаа энэ охидоо хаанаа нуухсан билээ. Охид хүүхнүүдээ л авармаар байна. Тэд чинь манай ирээдүйн налгар сайхан ээжүүд, айл гэрийн ааш сайтай эзэгтэй нар, улс төрд орж төрийн бодлогыг цагаан сүүгээрээ сүлж байх учиртай ухаант хүүхнүүд юмсан. Бид ирээдүйгээ даан ч муухай сүйтгэж байна. Үнэндээ дэлхий даахгүй цөмөрмөөр муухай нүгэл хийж байна хэмээн гасалж суусан. Ямар сайндаа гэж дээ. Сэтгэл оюун руу нь өнгийвөл иймэрхүү өрөвч нинжин мөс жудаг тодорч харагддаг билээ. Залуучуудын байгууллагад арван жил зүтгэсэн хүн аргагүй дээ
Билэгт Мөнхөө хоёрын буян
Зах зээлийн түмэн бартаат зам дээрээс Билэгт Мөнхөө хоёрын босгосон мөнгөний буянаар эдүгээ 300 гаруй айл өрх эдний барьсан тохилог орон сууцанд амьдарч, “Ачлал их дэлгүүртээ 800-гаад хүн ажиллуулж байгаа гэнэ. Ийнхүү мянга гаруй айл өрхийн 4-5 мянган хүн ард “Ачлал трейд”-ийн ач буяныг хүртэж суугаа юм байна.
Билэгт хатагтай бол тийнхүү хувийн шударга бизнесийг “Ачлалт бизнес” болгосноороо гавьяатай нэгэн мөн байна. Тэр олон түмнийг хайрлаж чадаж байна. Бас тэднээр хайрлуулж чадаж байна. Хүмүүст итгэж чадаж байна. Олны итгэлийг дааж чадаж байна.
Хонгор нутгийн Билэгт бүсгүй ээж аавынхаа ач буяныг хариулсан шиг хариулаад одтой сайхан гялалзаж явна. Ард Магван Данаа хоёр хүүхдүүдээ зөв сайхан өсгөж хүмүүжүүлсний хол ойрын хаялга буянаар монголын олон арван айл өрх боломжийн амьдралтай залгаж хөл дээрээ босжээ. Аав ээжийн ач буян гэдэг ийм л өргөн дэлгэр байдаг юмсанжээ.
Байдрагийн цутгаланд дэлбээлсэн бадам цэцэг
Дэлгүүрийн эзэн Магваны Билэгт эдүүгээ төрийн эрхэм түшээ Билэгт болсон. 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорын наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшин олимпын Монгол улсын анхны аврага Найдангийн Түвшинбаяртай өрсөлдөж давуу олон санал авч Улсын их хурлын эрхэм гишүүн болсон. Өөрөөр хэлбэл тэр эдүүгээ төрийн дээд эрх барьдаг байгууллагын бүрэн эрхт гишүүн, улс төрийн том зүтгэлтэн болсон. УИХ бол Монгол улсыг тэгш журамт, баян хүчирхэг улс гүрэн болгохын төлөө улс төрийн тэмцлийг удирддаг жанжин штаб.
Түүний үндсэн гол үүрэг зорилт бол юуны өмнө эрх мэдэл, эд хөрөнгийн шудрага биш галзуурсан шуналыг таслан зогсоох, нийтийг хамарсан хүн амын ядуурлыг шийдвэртэй арилгах, доллар, шатахуун, хүнсний барааны үнэ ханшийн увайгүй өсөлтий хязгаарлан барьж, бүх хүн амыг эрүүл аюулгүй амьдрах нөхцлөөр хангаж өгөх явдал мөн. Ийм дайчин хүнд үүрэгтэй энэ парламент ердөө 76 гишүүнтэй л байдаг. Тэд бол нэгэн зорилгын төлөө тэмцдэг нэгэн халуун амьтай, улс төрийн байлдааны нэгэн салааны байлдагчид. Тэдгээр 76-гийн дотор настай нь ч бий, залуу нь ч бий, шинэ нь ч бий хуучин нь ч бий, эрэгтэй нь ч бий эмэгтэй нь ч бий. Хөдөөнийх ч бий, хотынх ч бий.
Магваны Билэгт бол хот, хөдөөний хослосон эгэл амьдралыг тэр тусмаа малчин түмний ахуйг нэвтэрхий сайн мэддэгээрээ гайхалтай нэгэн. Тэр алдрай бага наснаасаа адуу хурааж сурсан. Унагаа уяна. Гүүгээ саана. Үнээгээ саана. Морио унаад давхина. Ааштай догшин байсан ч халшрахгүй, булигсан ч амархан хийсээд уначихгүй. Тэмээгээ ханаараа хомноод гэрээ ачаад, ачаатай тэмээгээ хөтлөөд шинэ бэлчээрт нүүж очоод ханаа шийрлэн тооноо өргөн гэрээ барьж, галаа ноцоон аагтай шаргал цайгаа чанаад аав ээж ахан дүүс зочин гийчнээ цайлж чадна.
Тэр бүсгүй монголын нүүдэлчин малчин ахуйн нартад ховордсон соёл иргэншлийн уламжлалыг хар нялхаасаа өр зүрхэндээ шингээж авсан хүн мөн тул Баянхонгорын малчин зонхилсон сонгогчид өөрсдийн өвөрмөц содон агаад дэлхийд хосгүй ховор нандин эрх ашгаа даатган хамгаалуулахаар УИХ-ын гишүүн болгож сонгосон байна. Өнгөрсөн хоёр жилийн байдлаас харахад тэр бээр монголчуудыг эрүүл хоол хүнсээр хооллож, химийн бус дээл хувцсаар хувцалж яваагийн хувьд монголын малчин хүмүүс л бусдаасаа илүү тав духтай оюунлаг соёлч гэгээлэг амьдралтай байх ёстой хэмээн баттай ойлгож түүний төлөө хоёргүй сэтгэл өвөрлөж тэмцэж явдаг хүн байна. Тийм учраас өөрийн тойргийн ард иргэдийг орчин үеийн хэмжээний цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёл, урлаг, биеийн тамир спортын тохилог хангамжтай болгохын тулд их ч хөөцөлдөж, ихийг ч амжуулж өгсөн байна.
М.Билэгт ер нь олныг удирдан зохион байгуулах ажилд дадлага туршлага суусан, ноён нуруу сайтай ажил хэрэгч гишүүний нэг гэж Улсын их хурлын тамгын газрынхан үнэлдэг юм байна. Их хурлын чуулганы хуралдаан эхлэхэд тэр л түрүүлээд ирчихсэн сууж байдаг. Байнгын хорооны хурал болоход тэр бас л түрүүлж ирээд сууж л байдаг. Хэлэлцэж байгаа асуудлын ямар нэг өө сэв онгорхой цоорхой байвал түүнийг хэзээний олж хараад засаж залруулж л суудаг, малчин түмний эрх ашгнийг хамгаалахын төлөө хэлье гэсэн үгээ хэний ч өмнө хэлж л байдаг, хамгийн шударга, шуурхай, ажил хэрэгч эрхэм гишүүний нэг нь Магваны Билэгт яалт ч үгүй мөн л юм байна.
Тэр эх орноо хайрлана. Тэр төр засгаа хайрлана. Тэр түмэн олноо хайрлана. Тэр эцэг эх хань үр хүүхдээ хайрлана. Хамгийн гол онцлог нь тэр олон үнэнч хайрын дотор шударга зарчмыг амь шигээ хайрлаж бас хамаг чадлаараа хамгаалж явдаг яах аргагүй бие даасан үзэл бодолтой монгол төрийн шударга зоригт түшээ мөн юм. “Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай” байна гэж үндсэн хуулинд заасан байдаг. Энэ бол монгол улсын аливаа үйл хэрэг нь сүү шиг цагаан, цэцэг шиг ариун тагшин хөрс суурьтай байхын бэлэгдэл мөн буй заа. Монгол түмнийг тээж төрүүлдэг эхчүүдийн элбэрэл хайр, сүүн цагаан зүрх сэтгэл дээр монгол төрийн мэргэн бодлого үйл ажиллагаа суурилж байдаг учиртайг энэхүү бадам цэцэг бэлэгдэж байгаа нь тодорхой юм.
Төрийн хэрэг ээжийн сүү шиг цагаан, бадам цэцэг шиг ариун тагшин байх явдал нь, амьд түүхийн уламжлалыг хадгалж ирсэн бөгөөд их хатан ээж Өгэлүн, төрийн их дагина Бөртэ үжин, өнгөрсөн хорьдугаар зууны эхэн үеийн Богд хаант монголын Дондогдулам хатан, монголын социалист төрийн их ахайтан С.Янжмаа, АИХ-ын орлогч дарга агсан олон улсын цагаан лянхуа шагналт С.Удвал ахайтан тэргүүт бүсгүйчүүд монгол улсын нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн зорилго бодлогыг үеийн үед сүүн цагаан сэтгэлээрээ зөөллөн бадамлуулж ирсэн нь яалт ч үгүй үнэн цагаан түүх мөн билээ.
Энэ түүхэн уламжлал өнөөдөр ч бүдгэрч замхраагүй хэвийн үргэлжилж байгааг монголчууд харж түүгээр бахархаж байна. Эдүгээ төрийн их хатад дагинасын үзэл санаа, үйл хэргийг залгамжилж яваа УИХ-ын эрхэм түшээ арван гурван их ахайтныг онцлон тэмдэглэж байна. Тэдгээр төрийн их дагинасын тунсаг нэгэн бие төлөөлөл нь манай нийтлэлийн баатар Магваны Билэгт мөн билээ. М.Билэгт хэмээх энэ бүсгүй нь алдарт Бөөн цагаан нуурын үзэсгэлэнт хөвөөн дээрээс урган цэцэглэсэн ариун цагаан бадам цэцэг мөн гэвээс бахархалтай билээ.
Тэр бүсгүй бол төрөлхөөсөө тосон дурантай сүүн зүрхтэй, монгол мөс жудагтай болж төлөвшсөн хүн учраас монголын энэ удаагийн парламентын танхимд онцгойрон танигджээ. Энэ тохиолдолд тэр хүний аливааг гэрэл гэгээтэй сайн талаас хардаг, хүмүүнлэг тусч оюун ухааныг онцлох утгаар тосон дурантай”, энэрэнгүй нинжин сэтгэлийг нь гоцлох утгаар сүүн зүрхтэн” гэж хэлсэн болно. Монгол төрийн ариун цагаан бадам цэцэгс үеийн үед нахиалан дэлгэрч байх болтугай.