УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөнд оролцлоо
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 4 дэхь удаагийн зөвлөгөөнд Б.Баттөмөр гишүүн оролцож, төлөөлөгчдөд мэдээ мэдээлэл өгөх, санал сонсох, төрийн бодлого шийдвэрт тусгах боломжийн талаар танилцуулж, санал солилцлоо.
Зөвлөгөөнөөр дараах гурван асуудлыг хэлэлцсэн байна.
- Аймгийн эрчим хүч, инженерийн шугам сүлжээний талаар баримтлах дунд хугацааны бодлогын талаар
- 2022 оны төсвийн шинэчлэлийн талаарх мэдээлэл
- Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн танилцуулга
Зөвлөгөөний үеэр Б.Баттөмөр гишүүн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай , ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд тусгагдсан зарим онцлог арга хэмжээг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн аймгийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах, төсвийн орлогын гүйцэтгэл сайжруулах, урсгал зардал, орон нутгийн суурь зарлага, төсвийн байгууллагын хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардлын зохицуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажил, төсөл хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар танилцуулсан байна.
Дархан-Уул аймгийн хувьд төсвийн орлого энэ оны эхний 11 сарын байдлаар 28,3 тэрбум төгрөгөөс 29,9 тэрбум төгрөг буюу 106.5 хувийн биелэлттэй, тусламжийн орлого 45,0 тэрбум төгрөг, үүнээс улсын төсвөөс тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилт 37,4 тэрбум төгрөг 100 хувь, ОНХС-ийн шилжүүлгээр 7,6 тэрбум төгрөг 91.0 хувь, ЭМД-ийн сангаас 164,9 сая төгрөгөөс 144,3 сая төгрөг төвлөрсөн аж.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, төсвийн хэмнэлтийн горимд шилжин орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан орон нутгийн төсвийн зардлыг эрэмбэлэн санхүүжүүлж зардлыг тодорхой хувиар хэмнэх, төсвийн өр, авлага үүсгэхгүй байх, Аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх 1,6 тэрбум төгрөгийг төсвийн орлогын биелэлтээс хамаарч, бүрэн төвлөрүүлэхэд тус тус анхаарах хандуулах хэрэгтэй байгаа талаар гишүүн онцолжээ.