Зам тээврийн сайд Цагаан хад болон Гашуунсухайт боомтод ажиллалаа
2022.09.12

Зам тээврийн сайд Цагаан хад болон Гашуунсухайт боомтод ажиллалаа

Боомтын бойм бага багаар тайлагдаж байна.

Өдөртөө тээврийн 600-800 машин хил гарч байна. Бөмбөлөгт орсон жолооч, тээвэрчдийн ахуй нөхцөл харьцангуй сайжирч, тээврийн инновац шингэсэн нэгэн шинэ төрөл болох AGV буюу алсын автомат удирдлагатай чингэлэг тээвэрлэлт хийж байгаа юм. Мөн боомтын захиргаа, ХӨСҮТ-ийн эмч нарын баг сайн ажилласны үр дүнд ковидын эерэг тохиолдол алдаагүй тул экспорт өдрөөс өдөрт сэргэж байгаа аж.

Гэхдээ эн тэргүүнд шийдэх асуудал цөөнгүй байна гэдгийг тэрээр хэллээ. Үүнд:
  1. Ханбогд сумын Хайрхан багт хамаардаг Цагаан хаданд ажиллаж амьдарч буй 20 шахам мянган иргэнд зориулсан эмнэлэг алга.
  2. Эрчим хүч, гэрэл цахилгааны хүртээмж хангалтгүй байна.
  3. Унд болон ахуйн хэрэглээний усаа зөөврөөр шийдэж байгаа нь хүндрэлтэй байна.
  4. Онцгой нөхцөлд цаг наргүй ажиллаж байгаа Төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудал, нэмэлт цалин хөлсөнд анхаарах шаардлага байгаа нь харагдлаа.
  5. Өндөр Алтайн зам ХХК-ийн концессоор гүйцэтгэж буй  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240,3 км экспортын нүүрс тээврийн замыг хурдавчлах, Гашуун Сухайт Авто зам ХХК-ийн хариуцсан нүүрс тээврийн замын засвар арчлалтыг чанартай сайн хийлгэх

Улсын эдийн засаг тэтгэж байгаа экспортын судсаа тэлэх явдал "Шинэ Сэргэлт"-ийн бодлогын амин сүнс учраас Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын хувьд эдгээр асуудалд анхаарч ажиллах болно. Гашуунсухайт боомт, Цагаан хадны ерөнхий төлөвлөгөөг яаралтай гарган баталж, боомт хот болгон хөгжүүлэх асуудал боомтын сэргэлт, бодлоготой яв цав нийцнэ" гэв.