“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтаар 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирнэ
2023.06.12

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтаар 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирнэ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.

Тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үздэг ч жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Тиймээс Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцах юм. Мөн энэ үеэр Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэх ажээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, хүрэх явцыг түргэвчлэх ажилд хувь нэмэр үзүүлэх зорилгын дагуу АНУ-ын Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сангаас жил бүр Азийн бүс нутагт “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж иржээ. Өнгөрсөн жилийн БНСУ-д болсон чуулга уулзалтад УИХ-ын дарга  Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцож байсан юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Монгол Улс НҮБ-ын байгууллагын өмнө тогтвортой хөгжлийг 2030 он хүртэл хөгжүүлэх мөрийн хөтөлбөртөө “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” талаар зорилт тавин ажиллаж буй. Өнгөрсөн жилийн БНСУ-д зохион байгуулагдсан тус уулзалт нь “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор өрнөсөн. Энэ жилийн тухайд жендерийн эрх тэгш байдлын талаар яриа хэлэлцээ хийгдэх юм. Учир нь Монголын улстөр, ҮХНӨ, Сонгуулийн тухай хууль болон Улстөрийн намын  тухай хуулиар Жендерийн эрх тэгш байдлыг хангахад илүү хүчтэй, илүү өргөн хүрээтэй буюу өмнөх жилүүдийнхээс амжилттай хэмээн хэлж болох заалтууд хэрэгжиж басхүү яригдаж байна. Үүнтэй холбогдуулан тус сэдвийг сонгосон юм. Дэлхий нийт хөгжил, дэвшил хэмээх зүйлийг хүнийхээ хөгжлөөр хэмждэг болсон учир эмэгтэйчүүд, ээжүүдийн оролцоо хамгаас чухал байна

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж л байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гарах ёстой гэж үздэг

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа:

Цар тахлын дараа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт Дэлхий дахинд буурсан төдийгүй тэдний эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл нэмэгдсэн зэрэг нь Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод буй. Иймээс “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил”сэдвийн дор тус чуулганыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэв. Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж ирсэн юм. Дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжил” хэмээх зүйлийг бүхий л бодлого, шийдвэртэйгээ уядаг болчихсон. Тиймээс Манай улс  тогтвортой хөгжлийн зорилтууд дээрээ зайлшгүй анхаарах шаардлагатай байна. 

Чуулга уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирэхээр болжээ.