2010.04.20

Ураны компаниуд ордын төрийн эзэмшлийн хувийг үгүй хийхээр санаархжээ

УИХ-аар батлагдаад жилийн хугацаа ч болж амжаагүй Цөмийн энергийн тухай хуулийг салбарынхан нь чамлаж эхлэв. Хуулийн биелэлтийг хангахад ямар хүндрэл учраад байгааг сонирхохоор Цөмийн энергийн газрынхан болон энэ салбарт хөрөнгө оруулалт хийж буй компаниудын төлөөлөлтэй УИХ-ын гишүүн П.Алтангэрэл уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын дарга н.Манлайжав «Хууль батлагдсанаар АМГТХЭГ-аас тус газарт 164 лиценз шилжиж, шинэчлэл хийгдсэн.

Одоогоор 18 аж ахуйн нэгжийн 130 тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоод байгаа» гэж байв.

Өөрөөр хэлбэл хууль батлагдсанаар ураны лицензүүд тодорхой болсон нь гол давуу тал байжээ. Харин хайгуул, олборлолт хийдэг компаниуд хуулийн талаар цөөнгүй гомдол хэлж байв. Энд ялангуяа төрийн эзэмшлийн хувийг 34, 51 гэх зэргээр тогтоосныг эсэргүүцэгчид цөөнгүй байлаа. Хайгуул хийсэн ордынх нь хувийг төр авбал хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэх мэтээр компаниуд хуулийн энэ заалтыг эрс буруутгаж байв.


Түүнчлэн ураны ордыг стратегийн ордод хамааруулах болсныг ч компаниуд таашаахгүй байгаа аж. Хувийн компанид ажилладаг хэмээн өөрийгөө танилцуулсан хуульч н.Эрдэнэчимэг УИХ-аар баталсан хуульд төрийн эзэмшлийн 34, 51 хувь нь хуулийн зорилтыг хангахгүй байна гэж байв."Хан Ресурсес" компанийн төлөөлөл н.Жаргалсайхан ураны ордын нөөц хэмжээнээс үл хамаарч стратегийн ордтой адилтган үзэхээр заасан нь утгагүй заалт болохыг хэлсэн.

Түүний тайлбарласнаар уран нь эдийн засгийн ач холбогдлоороо 50 тонн алттай ордоос ч бага үнэлэгддэг гэнэ. Мөн хөрөнгө оруулагч улсын нэгдсэн бүртгэлтэй нөөцийн 10 хувьтай тэнцүү төлбөр төлөх нь нийт хөрөнгө оруулалттайгаа адил төлбөр хийчхээд дахиад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болгож, хүндрэл учруулж буйг тэрээр хэлсэн юм. «Энержи ресурсес» компанийн төлөөлөл н.Баатap «Төрийн эзэмшлийн хувь 34-өөс доошгүй гэж байгаа нь хүндрэлтэй байна. Дээшээ хэд ч болох юм. Түүнчлэн ашиглалтын лиценз өгч болно гэж заасан.

Хайгуул хийчхээд байхад ашиглалтын лиценз өгөхгүй ч байж болохоор байгаа юм. Мөн Цөмийн энергийн газрын геологчид өрөм тавина, шугам барина гэх мэтээр хөрөнгө оруулагчдын ажлыг заах гээд байгаагаа болимоор байна» гэж байв. Төрийн өмчийн харъялалтай «МонАтом» компанийн төлөөллийн мэдээлснээр хууль батлагдсанаас хойш лиценз дахин олголтын ажил явагдсаар байгаад олборлолт маш муу хийгдсэн байна. Цаашнд хөрөнгө оруулалтаар олборлолт хийгдвэл төрийн оролцооны асуудал яригдах учраас асууал үүсэх гэнэ. Энэ мэтчилэн ураны компаниуд төрийн эзэмшлийн хувийг байлгахыг хүсэхгүй байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.