Цөмийн энергийн тухай хуулийн төсөл өргөн барив
2009.07.01

Цөмийн энергийн тухай хуулийн төсөл өргөн барив

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Долгор Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд  өргөн барилаа.

Уг хуулийн төслийг Олон улсын атомын энергийн агентлагийн Цөмийн энергийн тухай хуулийн төсөл боловсруулах гарын авлага, загвар хуулийн төсөл болон ХБНГУ, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг судалсны үндсэн дээр боловсруулжээ. Түүнчлэн хуулийн төсөлд заасан цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглахад тавигдах шаардлагуудыг Олон улсын атомын энергийн агентлагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу тодорхойлсныг хуулийн төслийн танилцуулгад дурьдсан байна.

Хуулийн төсөл нь найман бүлэгтэй бөгөөд төслийг хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуультай уялдуулах үүднээс хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай төслийг хамтатган боловсруулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.