Чингэлтэй хайрхан уулыг улсын хамгаалалтад авлаа
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.02.28

Чингэлтэй хайрхан уулыг улсын хамгаалалтад авлаа

Чингэлтэй хайрхан уулыг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улсын хамгаалалтад авч дархан газар болгон байгалийн нөөцийн ангилалд багтаах шийдвэр гаргасантай холбогдуулж, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ ийм амлалтыг сонгогчдодоо өгч, түүнийг дэмжин 100 мянган хүн гарын үсэг зурж байсан юм. Гишүүн Г.Баярсайхан амлалтаа биелүүлсэн гэдгээ мэдээллээрээ дамжууллаа. “Монголын хүн амын талаас илүү нь дөрвөн уулын дунд, Туулын хөндийд аж төрдөг. Чингэлтэй хайрхан бол Туул, Сэлбэ голын урсацын эхэнд байрладаг. Чингэлтэй хайрханы газрын гүнд их Сибирийн газрын гүний цэвдэг байршдаг. Цэвдэг дээр ой мод байдаг. Нэг модны дор 100 гаруй литр ус хуримтлагддаг. Иймээс Чингэлтэй хайрханыг улсын хамгаалалтад авах шаардлага байсан. Сая гаруй иргэдийн ундны усыг баталгаажууллаа. Хамгаалалтад авснаар төсөвт хэмнэлт дарамт ирэхгүй. Иргэд, ААН-ийн эрх ашиг хөндөгдөхгүй. Хоёр байгаль хамгаалагчийн орон тоо гаргана” гэлээ.

“Чингэлтэйг Цэнгэлтэй, Чингэстэй ч гэдэг. Чингис уул гэдэг. Богд хан уулыг 300 гаруй жилийн өмнө дархан цаазат болгосон. Нийслэлийн орчмын хоёр дахь дархан газар нь Чингэлтэй боллоо” гэж гишүүн хэллээ. Түүнийг УИХ-д нэр дэвшүүлэх асуудал маргаантай байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Улс төр бол хоёрдугаар асуудал. Ус нэгдүгээрт орно. Өнөөдрийн УИХ-д байгаа АН-ын 27 гишүүн давуу эрхээрээ нэр дэвшинэ. Би Чингэлтэй дүүргээс нэр дэвшинэ” гэсэн хариу өгөв.