2019.01.31

Б.Баттөмөр: Үндсэн хууль зөрчсөн сайдын тогтоолоо анхааралдаа авна уу?

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“Тусгай хамгаалалтанд авч байгаа нь сайн хэрэг. Өнөөдрийн байдлаар хичнээн газар нутаг хэдийн хэр лиценз, тусгай зөвшөөрөл олгогдоод байна вэ?

Аливаа нийслэл дундуур гол урсдаг. Тухайн голоо хамгаалахын зэрэгцээ хөгжүүлдэг. БНСУ, ОХУ-ын нийслэлд байдгийг мэдэх байх. Манайд Сэлбэ гол байна. Гэтэл энэ гол одоо харагдахаа ч болих гэж байна. Голын гольдиролыг хамгаалах чиглэлд юу ч хийхгүй байна. Яамнаас нэг тогтоол гаргасан. Түүнийг нь засаг дарга нар барьж аваад мод тарьж болохгүй гэдэг. Би үе үеийн сайд нарт хэд хэдэн бичиг шидсэн. Гэтэл үндсэн хууль зөрчсөн энэ тогтоолоо хамгаалдаг. Үүнийгээ одоо тодорхой хэл.”

Түүний асуултанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариуллаа.