Х.Нямбаатар: Засгийн газрыг огцруулах албан бичигт өнөөдөр дахин хоёр гишүүн гарын үсэг зурна
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар ямар шийдэлд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч засгийн газрыг авч үлдэх талаар зүйл яригдсан гэдгийг уих-ын зарим гишүүд ярьж байна. Уих дахь ман-ын бүлэг өнөөдөр хуралдах тов гаргасан. Гэвч одоо болтол бүлгийн хурал эхлээгүй байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэвлэлийнхэнд ярилцлага өглөө.
- Танай тойргийг сонгогчид руу мессэж илгээсэн байна. Энэ талаар та юу гэж бодож байна?
- Манай тойргийн сонгогчид руу мессэж илгээсэн байна билээ. Намайг ан-тай нийлж засгийн газраа унагааж байна. Үүнийгээ боль гэж хэлээч гэсэн утгатай. Энэ бол зөрчлийн хуулиар гүтгэх зөрчил. Миний нэр төр алдар хүндэд халдсан хэрэг. Энэ талаар холбогдох байгууллагуудад шалгуулахаар өргөдлөө биччихсэн байна.
- Таныг гарын үсгээсээ буцсан гэх мэдээлэл байна?
- Засгийн газрыг огцруулах нь зөв хэмээн гарын үсгээ зурсан гишүүдээс буцсан нэг ч гишүүн байхгүй. Өнөөдөр миний ойлгож байгаагаар нэмж хоёр гишүүн уг албан бичигт нэмж гарын үсэг зурах төлөвтэй байна. Чухам хэн гэдгийг өөрсдөө мэдээлэх байх. Манай бүлэг нийт 65 гишүүнтэй. Үүнээс гарын үсэг зурсан гишүүдийн тоо 33 гишүүн болж байгаа учир олонхи болно гэж харж байна.
- Намынхаа удирдах зөвлөлийн гишүүдийн байр суурийг та юу гэж харж байна вэ?
- Намын удирдах зөвлөлийн шийдвэр гарын үсэг зурсан гишүүдийн үйлдлийг таслан зогсоох чиглэлээр гарсан гэж сонссон. Гэхдээ намын удирдах зөвлөлийн шийдвэр гарлаа гээд уих-ын гишүүний хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхэд халдах, өөрөөр хэлбэл засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн гишүүдийн байр суурийг өөрчлөх боломжгүй л дээ.
- Танай намын дүрмэнд намынхаа эсрэг ажилласан тохиолдолд намаас хөөнө гэж заасан байдаг шүү дээ. Хариуцлага яригдвал яах вэ?
- Намын дүрэм, эв нэгдэл гэдгээр болж бүтэхгүй байгаа зүйлийг халхавчилж болохгүй. Энэ талаар өмнө нь хэвлэлд мэдэгдэж байсан. Манай нам бол социал демократ үзэл бодолтой нам. Социал демократ үзлийн тулгын гурван чулуу нь эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс. Эв нэгдэл гэдэг үнэт зүйлээр хууль бус үйлдэлээ халхавчилж болохгүй гэж бодож байна.