Н.Амарзаяа гишүүний асуултад Халдашгүй байдлын дэд хороо хариулж чадсангүй
Өчигдөр /2019.01.10/ Төрийн байгуулалтын байнгын хороо шөнө дөл хүртэл хуралдаж, Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцсэн юм. Дээрх дөрвөн гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан байж болох нөхцөл байдал үүсэн шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тул гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг гаргасан.
Асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд, Төрийн байгуулалтын байнгын хороо ч мөн адил үзжээ. Харин хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа гишүүд даваа эрхээ ашиглаад ЖДҮ-гийн сангаас зээл авдаг гэдгийг баримттайгаар гаргаж ирсэн үйлдэл энэ гэдгийг хатуу сануулж байлаа. Мөн асуудлыг шалгаж дууссаных нь дараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж оруулбал дэмжих үү гэж асуухад Халдашгүй байдлын дэд хорооноос тодорхой хариулт өгч чадаагүй юм.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
Ерөнхий прокурорын албан бичиг дээр “Д.Дамба-Очир гишүүний 2018 оны 06 сарын 21-ний албан тоот бичгээр 3 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ни дотор тус санд барьцаалах баталгааг гарагж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаагүйгээс үүдэн гарах асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна” гэдгийг нь онцолжээ. Та үүнийг хууль эрх зүйн хүрээнд тайлбарлаж өгөч. ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудал өөрөө журамтай, зээл авч байгаа эгэл жирийн иргэд өөрийнхөө машин, байшин, бүх юмаа барьцаалж байж зээл авч байгаа. УИХ-ын гишүүнд давуу эрх олгох нөхцөл бололцоог яг энэ утга агуулгаа Д.Дамба-Очир гишүүн нөлөөлж асуудалд хандсан гэж үзэж байгаа нь зөв үү?
Халдашгүй байдлын дэд хорооноос асууя. 3 дахь үндэслэл дзэр уг асуудлын шалгалт дуусаагүй байх тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг бүх гишүүд дээр гараж байна. Шалгалт дууссан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж оруулахад түдгэлзүүлж чадах уу?
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:
Жирийн иргэн бол биеэрээ хариуцна гэхэд зээлийн гэрээ байгуулагдана гэж байхгүй. Зээлийн материалыг өгөхдөө л барьцаа, үйл ажиллагаагаа тодорхойлдог. Бүх зээлүүд дээр барьцааны асуудал тавигдсан. Ганцхан Д.Дамба-Очир гишүүн барьцаагүйгээр зээлийн гэрээ хийсэн байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийнхөө компанийг дүүдээ шилжүүлсэн. Тэр хүн нь М гэгч иргэнтэй хамт уул уурхайн хайгуул хийх зориулалтаар авсан. Харин тал хэсгийн мөнгийг уурхайд, тал хэсгийг нь өөр зүйлд зарцуулсан.
Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Н.Энхболд:
Хэрэг шалгаагдаад, зарим нь дуусах шатандаа орж байна. Нэг удаадаа 1, дахиад 4 гэх байдлаар яваад байвал үүсэх нөхцөл байдлын хувьд УИХ-ын гишүүдийн хувьд ойлгож байгаа гэж бодож байна. 2 өдөр хуралдаж, олон талаас нь ярьсан. Өөрсдийнхөө итгэл үнэмшилийн хэмжээнд, хуулийн талаас, үүсч буй нөхцөл байдалтай уялдуулаад ч бодсон үүний цаана бодох зүйл байна гэж үзсэн. Хүнийхээ талаас ч гишүүддээ бодолцсон зүйл бий. Халдашгүй байдлын дэд хороо хүнийг буруутай, буруугүйг тодорхойлдог газар биш. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр энэ хэргийг шалгаж болох уу гэдэг талаас нь л харж байна.