УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авжээ
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.11) хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхлэв. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын прокурорын саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулсан.
Улсын Их Хурлын дээрх нэр бүхий гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав. Энэхүү асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо тус бүр Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг нар Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж болон Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нараас асуулт асууж, хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар дөрвөн цагийн завсарлага авч буйгаа мэдэгдэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь завсарлага авахтай холбоотой зохицуулалтын талаар Тамгын газраас тодруулга авсны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт 6 цагийн хугацаатай завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Ийнхүү 04 цаг 30 минутад Улсын Их Хурлын чуулган өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.