ЭЗБХ: Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжсэнгүй
2022.03.23

ЭЗБХ: Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.23) хуралдаан 10 цаг 09 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажилллагааны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байгааг Б.Батцэцэг сайд танилцуулгадаа онцлоод төслийг хэрэгжүүлснээр бага ашиглагдсан бэлчээрийг хамгаалах, даац хэтэрсэн хэсгийг зохицуулалт хийх замаар удирдах, малын эрүүл мэндийн үйлчилгээ, сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, ган, зуд гэх мэт байгалийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Т.Доржханд, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед зээл авч төсөл хэрэгжүүлэх улмаар малчдад хашаа барих цаг мөн эсэх, Засгийн газрын өрийн хязгаар хэр байгааг илүүтэй тодруулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, төслийн хүрээнд 4 аймгийн 20 сумын 11,660 малчдыг хамруулах тухай асуудал болохоос энэ тооны малчдад хашаа барьж өгөх гэж байгаа асуудал байхгүйг онцолсон. Мөн тэрбээр, Монгол Улсын хэмжээнд гарч байгаа хүндрэл нь бэлчээрийн нөөцийн дутагдалтай байна. Нөөц бэлчээр буюу отрын бүсийг шинээр байгуулах асуудлыг хашаа хороо барина гэж ташаа ойлгогдсон байна гэв. Үндсэн зорилго нь малчдыг хоршоожуулах замаар мал аж ахуйн эдийн засгийн эргэлт, өгөөжийг л нэмэгдүүлэхэд төсөл чиглэгдсэн гэв.

Мөн тэрбээр, төслийн хүрээнд хамгийн их малтай буюу эдийн засгийн мал аж ахуйн бүтээгдэхүүн өртгийн сүлжээ өндөртэй дөрвөн аймгийг сонгож, малчдыг хоршоожуулах замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох, түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарын тогтолцоог сайжруулах чиглэлээр 54 анхан шатны мал эмнэлгийн нэгжийг чадавхжуулна. Төсөл амжилттай хэрэгжвэл цаашид бусад аймгуудад хэрэгжих боломжтой гэж байлаа.

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир,Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 2022 онд Засгийн газрын өрийн хязгаар өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувиас хэтрэхгүй байх ёстой. 2021 оны гүйцэтгэлээр 51,3 хувьтай гарсан байна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтсон.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 01 дүгээр 13-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, стандарт, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилго бүхий “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр’’-ийг 20.0 сая ам.долларын хөнгөлөллтэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг салбарын сайд танилцуулгадаа тодотгоод хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан судалгаа хийх, зураг төсөл боловсруулах, дэд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж байлаа.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар жижиг зардлыг санхүүжүүлэх гэдэгт ямар төслүүд хамрагдаж байгааг тодруулахын зэрэгцээ 20 сая ам. долларыг таван жилийн хугацаатайгаар зээлэх шаардлагатай эсэхийг лавлав.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, энэ нь нэмэлт зардал гаргах гээд байгаа асуудал биш гэдгийг тодотгоод Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр ерөнхий хэлэлцээрт тусгагдсан Засгийн газар дэмжиж Улсын Их Хурал баталсан хөтөлбөрийн хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан судалгаа, байгаль орчны үнэлгээ, нийгмийн сөрөг нөлөөллийг багасгах, дэвшилтэд технологи нэвтрүүлэх, туршихад дэмжлэг үзүүлэх зэрэг урьдчилсан бэлтгэл ажлуудыг хангахад зарцуулах санхүүжилт юм. Эдгээр зардлыг нэг жилийн төсөвт суулгавал, багагүй ачаалал үүсэх тул таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлж, төсвийн менежментийн асуудал хийж байгаа гэв.

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.