Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хууль тогтоомжийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019.05.23

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хууль тогтоомжийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол улсын Засгийн газраас 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүү, Төсвийн байнгын хорооны дарга  Ж.Чойжилсүрэн танилцууллаа.

Төсвийн тогтвортой байдлыг хангах, сахилга батыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн төсөв санхүүгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онуудад 6 хувиар өсөхөөр Засгийн газар төсөөлжээ.

Ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцсон хэмээн мэдэгдэв.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж байр сууриа илэрхийллээ. Ингээд уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дэмжин хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.