М.Билэгт: Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг барьж байж ядуурлаас гарна
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа.
Төсөл батлагдах үед УИХ-ын гишүүн М.Билэгт байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт
Ядуурлаас гаргана гэж 28 жил Монгол улсын УИХ, Засгийн газар ярилаа. Гэтэл жилээс жилд дордоод байх юм.
Шалтгааныг эргээд харахаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сараар, жилээр унагааснаас болж байна аа. Цаашид хэрхэн ханшийг барих бэ? хөгжиж байгаа улсуудыг харахаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн чанарт байна. Жилээс жилд чангарч, тогтвортой байж чадаж байна.
Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа унагахгүй байх нь л гол зорилго юм байна шүү дээ. 20 жилийн өмнө 800 төгрөг байсан доллар өнөөдөр 2650 төгрөг болсон байна. Гэтэл хятад улс 20 жилийн өмнө 1 доллар 8.3 юань байсан өнөөдөр буурсаар байгаад 6 юань байна. Япон ч мөн адил. Ингэж байж л иргэд маань ажилтай, орлоготой байх юм.
Тэгэхээр хамгийн гол нь цаашдаа төгрөгийн ханшаа хэрхэн барих вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Гэтэл одоо бид юм болгон дээр хөнгөлөлттэй зээл авч байна. Энэ өрийг бидний хойч ирээдүй төлнө. Цаашид доллар хэд болж өсөж үр хүүхдүүдэд минь очих юм бэ.