2019.11.13
2020 оны төсвийн төсөөлөл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хууль батлагдлаа
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11,13/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
УИХ-ын гишүүн О.Батнасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн уг төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2020-2022 онд 6 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 онд 11.7 их наяд төгрөг, 2021 онд 12.8 их наяд, 2022 онд 13.7 их наяд байхаар тусгажээ. Түүнчлэн зарлагыг 2020 онд 13.8 их наяд, 2021 онд 14 их наяд, 2022 онд 14.5 их наяд байхаар тооцсон байна. Харин Засгийн газрын өр 2020 онд 22 их наяд 8 тэрбум, 2021 онд 22.9 их наяд, 2022 онд 23.8 их наяд байхаар тусгасан.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж санал бодлоо илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул хууль батлагдлаа.