2020.08.21

М.Оюунчимэг: Ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

“Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах үед манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд, тухайн үеийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд, ДНБ зэргээс харахад буурах хандлага байна. Сүүлийн 7 хоногийн байдлаар манай машины нүүрсний экспортыг харахад 1800-аас дээшээ гарах хандлага харагдаж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг тооцох үеийн экспортын бараа бүтээгдэхүүний ханш одоо өөрчлөгдөх, эерэг дүр харагдаж байна уу?

Төсвийн тодотголын гол зорилго бол өрхийн орлогыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн рүүгээ чиглэсэн бодлого гэж ойлгож байгаа. Сая Азийн хөгжлийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас сүүлд хийсэн судалгаагаар Монгол Улсын талаарх дүгнэлтэнд залуучуудын ажилгүйдлийн түвшин 30%-иар өсөх эрсдэлтэй байна гэсэн ноцтой мэдээлэл гаргасан байгаа. 2019 онд 25,3%, 2020 онд 28,3%-иар өсөхөөр байгаа учраас энэ салбар луу чиглэсэн бодлогыг Засгийн газраас авах хэрэгтэй гэсэн анхааруулга өгсөн байна. Энэ нь ихэвчлэн жижиглэн худалдаа үйлдвэрлэл, үл хөдлөхө хөрөнгө, сургалт боловсролын чиглэлийн гээд яг залуучуудын үйл ажиллагаагаа явуулдаг хөрвөх чадвартай бизнес цар тахлаас болоод ихэнх нь зогсонги удаашралтай болоод байна. Төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвөтөө тодотгол хийхдээ үүнийг анхаарч хийгээрэй.”

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.