Монгол Улсын Их хурлын чуулганы /2019.10.24/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дараах байр суурийг илэрхийллээ.
"Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд орлогыг 675,2 тэрбум, зарлагыг 675,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх өөрчлөлт орох гэж байна. Ингэхдээ нийгмийн өмнө тулгамдсан ХСҮТ-ийн санхүүжилтийн 19,8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж оруулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг Сангийн сайдад тавьсан. Улсын төсвийг оруулж ирэхэд энэ асуудал хөндөгдөөгүй байсан учраас боломжгүй гэсэн хариу өгсөн. Би Сангийн сайдад энэ асуудлыг ямар ч шалтгаан хэлэхгүйгээр, бүтэн жилийн турш энэ асуудлыг ярьсан учраас нэгэнт төсвийн зарлагыг нэмэгдүүлж байгаа бол үүнийг шийдээд явах боломжтой гэж үзэж байна.
Засгийн газрын хурлаар 3 удаа ХСҮТ-ийн барилгын асуудлыг ярилцсан. Би судлаж үзсэн. Тиймээс энэ асуудлыг Сангийн яам болон ЭМЯ-ны анхаарлын төвд байсан нэг номерын асуудал учраас төсвийг 675,2 тэрбумаар нэмэгдүүлэх гэж байгаа юм бол шийдэж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна.
ХСҮТ-ийн төсвийн 19,8 тэрбум төгрөгийн 5,9 тэрбум нь нийт хөрөнгийн зардал. 13,8 тэрбум нь 100 ор ннэмэгдэж байгатаай холбогдуулан урсгал зардал тооцогдож байгаа юм. Тиймээс зардлыг зөвөөр ойлгон 2020 оны төсөвт 19,8 тэрбум төгрөгийг суулгаж өгнө үү? УИХ-ын гишүүд ч үүнийг шийдвэрлэж чадна гэж найдаж байна."