2025.06.18

Д.Үүрийнтуяа: Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох гурван яамны уялдаа холбоог нягтруулах зайлшгүй шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа дараах байр суурийг илэрхийллээ.

Ерөнхий сайд, түүний кабинетын шинээр томилогдож байгаа сайд нарт амжилт хүсэж, баяр хүргэе. П.Наранбаяр сайдаас надад асуулт байна ЗГ-ын 2021 оны 321 дүгээр тогтоол, 2024 оны 102 дугаар тогтоол, 2025 оны 215 дугаар тогтоол. Орон нутгийн их дээд сургуульд сурч байгаа оюутны сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх тухай тогтоол хоорондоо зөрчилтэй, хүчин төгөлдөр 2 тогтоол байна гэдэг асуудлыг би танд тавьж, ойлгуулж хэлсэн. 4 сарын 30-ны өдөр хойд бүсийн зөвлөгөөн дээр иргэн н.Эрдэнэбулганы асуултад та энэ асуудлыг шийднэ гэж хариулсан. Харамсалтай нь 2025 оны 215-аар та энэ асуудлыг ЗГ-ын барьж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлогынхоо эсрэг, орон нутагт ажиллаж байгаа их дээд сургуулийнхаа эсрэг, орон нутагт сурч байгаа оюутнуудын эсрэг гаргасан. Энэ 50%-ийн хөнгөлөлтийг хүчингүй болгосон. 600 гаруй оюутан жилдээ орон нутагт сурч байсан. Ядаад энэ тогтоолд чинь итгэж найдаад элсчихсэн хүүхдүүдийг төгсгөчхөж болоогүй юм уу! Энэ бүсчилсэн хөгжлийн бодлого мөн үү? Төр засгийн бодлого ийм уймраа байж болдог юм уу.Тодорхой хариулт өгөөч?

Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөний үеэр Эрдэнэт медикал эмнэлгийн асуудал хөндөгдсөн Ж.Чинбүрэн гишүүн ээ! Би санал гаргасан. Эрдэнэт Медикалыг Хойд бүсийн хавдрын төв болгож, ХСҮТ болгох шийдвэрийг тухайн үед ЗГ гаргасан. Тогтоол нь одоо болтол гараагүй байна. Үүн дээранхаарч ажиллаж өгөөч.

Бид нар эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа талаар ярьж байна. Энэ хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд ЭЗХЯ, АҮЭБЯ, Сангийн яам нэг механизм шиг ажиллах ёстой. Төлөвлөж байгаа, мөнгө олж ирж байгаа, зарцуулж байгаа 3 үндсэн субъект өнөөдөр та 3 дээр буюу Монгол Улсын эдийн засаг тогтож байгаа шүү. Аж үйлдвэр эрдэс баялгийн яам зөвхөн уурхайн яам биш ээ аж үйлдвэржилтийн бодлогыг авч явах ёстой. Хүнд хөнгөн үйлдвэрийн асуудлууд, уур уурхайгаас орж ирж байгаа орлого дээрээ тулгуурлаж, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж гэмээ нь эдийн засгийн өсөлт өрх болгонд хүрнэ. Энэ тал дээр уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас үүдэн 14 мега төслөө Эдийн засгийн хөгжлийн яам энд тэндээс асууж сураад, асуусан асуултад хугацаанд нь хариу гаргаад өгчхөж чадахгүй, мэдээллээ нэгтгэж ч чадахгүй өнөөдрийг хүртэл сууж байгаа. Тийм учраас яамдын уялдаа холбоог хангаж, богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг гаргахын тулд энэ 3 яамны ажлын уялдаа холбоог нягтруулах зайлшгүй шаардлага байна. Хоёрдугаарт, Эрхэм сайд нар ажил ихтэйг ойлгож байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүдийн хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажилд хүндэтгэлтэй хариуцлагатай хандаач ээ! УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй, хуулийн төсөл өргөн барьдаг. ЗГ дээр энэ хуулийг манай салбарын яам оруулж ирэх гэж байгаа юм аа. Төсөл нь ч бэлэн болоогүй байхад, дэмжихээс татгалзсан саналыг өгдөг. Яагаад 2 хууль санаачлах эрхтэй субъектүүд хоорондоо яриад асуудлаа нэгтгээд оруулж болохгүй, татгалзаж хариу өгч байгаа юм. УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхэд халдаж болохгүй!

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан