“Хүүхдийг, тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай” хуулийн төслийн талаар танилцууллаа
2020.01.23

“Хүүхдийг, тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай” хуулийн төслийн талаар танилцууллаа

Цахим бодлогын түр хорооны өнөөдрийн /2020.01.22/ хуралдаанаар Хуулийн төслийн талаар Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал танилцуулав.

Хуулийн төслийг хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тогтолцоог бий болгон төлөвшүүлэх зорилгоор боловсруулжээ. 

Энэхүү хуулийн төслийн үйлчлэх хүрээ болон үйлчлэх зарчим, агуулгыг оновчтой тодорхойлохын тулд ямар мэдээллийг хүүхдэд сөрөг нөлөөтэй болохыг тодорхойлох, тэдгээрийг ийнхүү тодорхойлохын тулд ямар шалгуурыг үндэслэл болгох, тэдгээрийг олон нийтэд түгээхэд ямар хязгаарлалт тогтоох, тэдгээрийн нөлөөллөөс хүүхдийг хэрхэн хамгаалах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд эдгээр болон бусад асуудлыг энэхүү хуулийн төсөлд нэг бүрчлэн тусгасан гэдгийг тэрбээр онцолсон.

Юуны өмнө хуулийн үйлчлэх хүрээний хувьд энэхүү хууль нь бүхий л төрлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд үйлчлэх буюу мэдээллийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, түгээж байгаа хуулийн этгээд, хувь хүний үйл ажиллагаанд үйлчлэх юм гэлээ. Өөрөөр хэлбэл, радио телевиз, цахим мэдээллийн сайт, бусад уламжлалт болон уламжлалт бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон үзвэр үйлчилгээ явуулж байгаа олон нийтийн газарт аливаа мэдээлэл түгээж байгаа зэрэг бүхий л этгээд энэхүү төслийн үйлчлэх хүрээнд хамаарахаар тусгасан аж. 

Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө бүхий мэдээллээс хамгаалах үйл ажиллагааны зарчмыг тусгасан бөгөөд энэхүү зарчмуудын хамгийн гол нь “мэдээллийг түгээх арга, хөтөлбөр, газрыг зохистой төлөвлөх замаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах” зарчим юм.

Энэхүү зарчим нь “амралтын болон баяр ёслолын өдөр, сургууль, цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарь зэрэгт үндэслэсэн тухайн мэдээллийн бүтээгдэхүүнийг хүүхэд хүлээн авах магадлал, цар хүрээ, хүлээн авч болзошгүй хүүхдийн насны ангилал”, “мэдээллийн бүтээгдэхүүнийг түгээж эхлэх болон дуусах цаг”, “мэдээллийн бүтээгдэхүүнийг түгээж байгаа арга хэрэгсэл, мэдээллийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааны цар хүрээ, түүний мэдээллийн бүтээгдэхүүнийг хүлээн авах зонхилох хэрэглэгчийн ангилал” зэргийг оновчтой тодорхойлох замаар хэрэгжихээр хуулийн төсөлд тусгасан гэдгийг тэрбээр дурдав.   

Хуулийн төслийн нэр томьёоны хувьд хамгийн чухал зохицуулалт нь хуулийн төслийн 6 дугаар зүйлд туссан бөгөөд энэхүү зүйлд хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө бүхий мэдээллийн агуулга, хүрээг нарийвчлан тусгаж өгчээ. Жишээлбэл, хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтад зааснаар энэ төрлийн мэдээлэлд “хүүхдийг амиа хорлох, өөрийн эрүүл мэндэд хохирол учруулах болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюултай үйлдэл хийхэд уриалсан, эдгээр үйлдлийг магтан дуулсан, өдөөн хатгасан, сурталчилсан, эсхүл бусад байдлаар эдгээр үйлдлийг хийх сэдэл төрүүлэхүйц мэдээлэл”, мөн зүйлийн 6.2.2 дахь заалтад зааснаар “хүүхдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа, утаат тамхи хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох, биеэ үнэлэх, гуйлга гуйх болон тэнэмэл, хараа хяналтгүй хэв маягаар амьдрахад татан оруулах, бусад байдлаар эдгээр үйлдлийг үйлдэх хүсэл, сэдэл төрүүлэхүйц мэдээлэл”-ийг хүүхдэд түгээхийг хориглосон мэдээлэл гэж үзэхээр тусгалаа. Хуулийн төсөлд үүнээс гадна 6 заалтад хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллийн агуулгыг тодорхойлсон байна. 

Хуулийн төслийн дээрхи зохицуулалтыг боловсруулахдаа ОХУ, ХНБГУ, ИБУИВУ, Австрали, АНУ, Франц, Итали гэх зэрэг улс орнуудын хууль тогтоомжийг судлан, харьцуулалт хийсэн гэдгийг Цахим бодлогын түр хорооны дарга онцолж байлаа