Төсвийн хоригтой холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу хуулийн төслийн талаар танилцуулав.
Тэрбээр, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.”, 90.9-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.” гэж тус тус заасан.
Хэдийгээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хорооноос зохих нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэгдсэн хуралдаанд оруулахаар заасан боловч Монгол Улсын төсвийг төлөвлөх, боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах нь тусгайлсан зохицуулалттай, цаглавар, хугацаатай асуудал байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “…улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;” гэсэн үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан.
УИХ-аас төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, Монгол Улсын 2025 оны төсвийг 2025 оны төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага бий болсон. Энэ шаардлагын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хоёр удаа хуралдан
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.
Хуулийн төсөлд тусгагдсан гол зохицуулалт:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх хэсэгт заасан хуулийн төслийг хэлэлцэн батлахтай холбоотой харилцааг зохицуулна.
- Энэ хуулиар нарийвчлан зохицуулснаас бусад асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулна.
- 3. Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Засгийн газрын боловсруулсан санал, тооцооллыг үндэслэн төслийг Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдаанд оруулна.
- Засгийн газар энэ хуулийн 2.1-д заасан санал, тооцооллыг Төсвийн байнгын хорооноос тогтоосон хугацаанд ирүүлнэ.
- Төсвийн байнгын хорооны хэлэлцэж, олонхын дэмжлэг авсан төслийг Улсын Их Хурал дараах гурван үе шаттайгаар хэлэлцэн батална.
- Хууль, тогтоолын төслийг хэлэлцэхдээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.14, 39.30-д заасан хугацааг баримтлахгүй буюу зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байх шаардлагыг баримтлахгүй.
- Энэ хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталснаар хүчингүй болно гэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn