2024.10.24

Д.Бум-Очир: Цэцэрлэгийн байрыг түрээслээд байх биш барьж эхэлбэл төсөв үрэхгүй

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа билээ. Тэгвэл тус төсөвтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2024.10.23-ны өдөр хуралдлаа. Хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, “Нэмж 10 цэцэрлэгийн байр түрээслэх юм байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар нийт хэдэн цэцэрлэг түрээсийн байранд байна вэ, 2025 онд хэдэн цэцэрлэг түрээслэх вэ. Гол асуудал нь хэзээ энэ цэцэрлэгийнхээ байрыг барьж эхлэх вэ. Түрээслээд яваад байна гэдэг төсвийн мөнгө тодорхой хэмжээгээд зарагдаад яваа хэрэг шүү дээ.

Уг нь ирэх онд юм уу, болдог бол өнгөрсөн онд төсөвт суулгаад энэ цэцэрлэгийн байруудаа нэг тийш болгоод, шийдээд явсан бол энэ жил түрээслээд улсын төсвийг үрээд байхгүй байсан байх.

Мөн Боловсролын төсөв нэмэгдээд ирж байгаа нь сайшаалтай байна. Гэвч задаргаан дээр 58.7 хувь ерөнхий боловсрол, 28.4 хувь сургуулийн өмнөх боловсрол, 5.3 хувийг боловсролын бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гэжээ. Гэтэл дээд боловсрол гэдэг үг энд алга. Дээд боловсролдоо бид хөрөнгө мөнгө зарцуулж байна уу.

Төрийн өмчийн хэдэн их, дээд сургууль нь 1990 оноос хойш хэдэн багш нарынхаа хүчээр, оюутнуудын төлбөрийн хүчээр явж ирлээ. Тэгэхээр дээд боловсролдоо хэзээ төсөв тавьж өгөх вэ. Миний мэдэхээр тавьдаггүй. Сая МУИС зүтгэж байж дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбэд 1500-д орж ирлээ шүү дээ.

Энд төр засгийн хувь нэмэр байсан юм уу. Би бол байгаагүй гэж бодож байна. Улс мөнгө өгөөгүй болохоор. Төсөв тавьж өгөөгүй учраас. Багш нар нь л энэ байрт оруулж ирж байна. Дээд боловсол дээр хэзээ төсөв тавих вэ. Төрийн өмчийн 5-6 их, дээд сургууль бий шүү дээ.”

Гэлээ. Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.