Г.Баярсайхан: Нэг хоногийн өмнө ч болов тэтгэврийн зөрүүг арилгах ёстой
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2012.02.29

Г.Баярсайхан: Нэг хоногийн өмнө ч болов тэтгэврийн зөрүүг арилгах ёстой

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-"Шонхор"фракцнийгмийн бусармаг үйл явдалтай тэмцэнэ гэсэн хэрхэн тэмцэх гэж байна?

-Бидний гол зорилго тодорхой байсан шүү дээ. Нийгэмд байгаа шударга бус зүйлтэй хатуу тэмцэх, тэр дотроо УИХ-ын гишүүдээс шалтгаалж болох асуудлыг амьдрал дээр хэрэгжүүлэх ийм зүйлийг л бодит ажил болгох учиртай. Энэ зорилгын хүрээнд бид бүхэн нэгдэж "Шонхор" фракцаа байгуулсан. Манай фракцын хийсэн ажил бол та бүхний сайн мэдэх Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг шинэчилж оруулж ирсэн. Энэ хуулийг гарахад жижиг дунд бизнес эрхэлдэг иргэд маш их дургүйцэж байсан. Гэхдээ л хэрэгжээд эхлэхэд нь хүн бүхэнд хэрэгтэй болж таарсан. Энэ мэтээр ярих юм бол их зүйл бий.

-Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Ямар шатандаа явж байна вэ?

-Тэтгэврийн тогтолцоонд засах асуудал их байна. 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоосон ахмадууд нэг өөр, 1995 оноос хойш тэтгэврээ тогтоосон ахмадууд бас нэг өөр халамж хүртэж байгаа. Тэгэхээр энэ тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг манайхан санаачилсан юм. Энэ асуудал дээр улстөржиж эхэллээ. Тэтгэврийн хувьсгалыг хийснээр энэ ялгаа арилна. 1995 оноос өмнө 187 мянган ахмадууд хохирсон байгаа шүү дээ.

Энэ хуулийг баталснаар эдгээр зөрүүг арилгах болно.

Үнэхээр тэтгэврийн зөрүүг арилгах нь хувьсгалын шинж чанар агуулсан ажил хэрэг болж байгаа. Олон жил хүлээсэн ахмадууд, нэг ижил хэмжээнд халамж авна гэдэг өөрөө их том асуудал юм. Харамсалтай нь  энэ асуудал улстөржих өнгө аястай болчихлоо. Одоо энэ хууль маань эцсийн хэлэлцүүлэг дээрээ гацчихлаа. Ер нь төр өөрөө ахмадуудаа оны өмнө, цаана гэж ангилж болохгүй биз дээ.

-Хуулийг батлахад юу саад болоод байгаа юм. Уг нь танай нам халамж, мөнгө амласан хуулийн төслүүдийг сонгууль өнгөртөл хэлэлцэхгүй гэсэн шүү дээ?

-Энэ асуудлыг нэг хоногийн өмнө ч болов шийдвэрлэх л хэрэгтэй. Тэтгэврийн зөрүүг арилгана гэдэг хэн нэгэн мөнгө амлаж, халамжийн бодлогоор бөөцийлсөн асуудал биш юм. Тиймээс АН, МАН талцалгүйгээр тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг дэмжиж батлах нь хоёр намын үүрэг.

-Тэтгэврийн зөрүүг арилгана, Эх орны хишиг өгнө гэсэн амлалт өгч, бэлэн мөнгө их хэмжээгээр зах зээлд нийлүүлснээс инфляциөслөө гээд байгаа?

-Миний хувьд "Хүний хөгжил сан"-аас өгч байгаа мөнгийг эрс эсэргүүцдэг. Ингэж баруун солгойгүй тарааж болохгүй шүү дээ, төсвийн хөрөнгийг. Энэ ч хэрээрээ халамж хүрэх ёстой хүндээ хүрч чадахгүй байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.