“Тэтгэврийн зөрүүг арилгахад төсөвт дарамт учрахгүй”
2012.03.15

“Тэтгэврийн зөрүүг арилгахад төсөвт дарамт учрахгүй”

УИХ-ын 2012 оны гуравдугаар сарын 09-ны өдрийн ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн  А.Тлейхан, Д.Оюунхорол, С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.

 Энэ хууль батлагдсанаар нийтдээ 163 мянган иргэний тэтгэврийн зөрүүг арилгах асуудал шийдэгдэж байгаа. Тодруулж хэлбэл, 1995 оноос өмнө тэтгэвэр авч байсан 80 мянга гаруй ахмад, 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон ч 1995 оны цалингийн жишгээр тэтгэврээ тогтоолгосон 80 мянга гаруй иргэн үүнд хамаарна. Хуулийн төслийг анх өнгөр-сөн оны тавдугаар сарын 30-нд С.Эрдэнэ, Д.Ганхуяг, З.Энхболд, Л.Гантөмөр нарын гишүүд өргөн мэдүүлсэн бөгөөд байнгын хороодын хуралдаан дээр гацаж байсан аж. Дараа нь Д.Оюунхорол нарын гишүүд утга адил хуулийн төсөл өргөн барьснаар хамтатган хэлэлцэж баталсан юм. Хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ хуулийн хүрээнд тэтгэврийн доод хэмжээ өнөөдөр 105 мянган төгрөг байгаа. Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийг нөхөн олговор маягаар нэмэгдүүлж байгаатай холбоотой энэ хэмжээ 35 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоо байгаа юм. Дараа нь буюу тавдугаар сарын 1-нээс тэтгэвэр дунджаар 23 хувиар өснө. Энэ үед тэтгэврийн хэмжээ дунджаар 180000-190000 төгрөгт хүрэх тооцоог гаргасан байна.

 

Хуулийн төслийг хамтатган өргөн барьсан гишүүд энэ хуулийг 160 гаруй мянган иргэдийн амьдралд бодит боломж бүрдүүлсэн сайн хууль болсон гэж дүгнэсэн. Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр Нийгмийн даатгалын  сангаас  олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн тавдугаар зүйлд зургаа дахь хэсэгт нэмэлт найруулга хийх юм. Өөрөөр хэлбэл, "1995 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийн хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшхи үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнээс бодож өндөр настны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүүлэн олгоно" гэж өөрчилнө.

 

Мөн уг хуулийн тавдугаар зүйлийн зургаа дахь хэсгийг "Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно" гэж өөрчлөн найруулсан байна. Тэтгэврийн зөрүүг арилгахад нийт 67 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байгаа. Харин энэ мөнгийг 2012 оны улсын төсөвт суулгасан учраас төсөвт ямар нэгэн байдлаар дарамт ирэхгүй, цаашлаад шат дараатай, цэгцтэй нэмэгдүүлсэн нь инфляци хөөрөгдөхгүй байх давуу талтай болжээ. Мөн энэ хуульд орсон нэг заалт цэргийнхний тэтгэвэр, тэтгэмжийг Цэргийн тэтгэврийн сангаас олгохыг Нийгмийн даатгалын сангаас олгоно гэж заасан аж. Тэтгэврийн хүмүүст бэрхшээл учирч байгаа учраас энэ асуудлыг судалж байна, удахгүй УИХ-ын гишүүд төсөл өргөн барьж шийдвэрлэнэ" хэмээн хууль санаачлагч гишүүд хэлсэн үгэндээ онцол-сон юм. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2010 онд өөрчлөлт оруулсан. Цэргийнхний тэтгэврийг цалингийн 60 хувиар тооцож тогтоодог байсан бол 80 хувьд хүргэж нэмэгдүүлсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.