Тэтгэврийн зөрүүг арилгах төсөл өргөн мэдүүлэв
2011.05.30

Тэтгэврийн зөрүүг арилгах төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд, Л.Гантөмөр, Д.Ганхуяг нар тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл боловсруулсан байна. Эл төслөө өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ.

Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарган амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэвэр тогтооход баримталсан  цалин хөлсийг өсгөх итгэлцүүрийг 2001 оноос хойшхи хугацаанд 5 удаа шинэчлэн тогтоож, тэтгэврийн зөрүүг ойртуулах, арилгах  арга хэмжээ авсан хэдий ч шимтгэл төлсөн хугацаа нь ижил буюу ойролцоо, эрхэлсэн ажил, албан тушаал нь адил иргэдийн тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хамаарч тэдний 1995 оноос өмнө болон хойш тогтоогдсон тэтгэвэр хооронд зөрүүтэй байсаар байна. Нийгмийн даатгал, түүний доторх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоо нь нийгмийн хамгааллын гол хэрэглүүр болохын хувьд Монгол Улсын бүх иргэдийг баян хоосон, боловсролтой боловсролгүй, ажил хөдөлмөр, алс хол алслагдан амьдрах нөхцөл зэргээс үл хамаарч хамруулах ёстой.

1995 оноос өмнө ажилласан хугацаагаараа тооцуулж тэтгэвэрт гарсан хөгшдөөс “бидний тэтгэвэрийн хэмжээг эргэн харж зөрүүг багасгаж өгөөч, тэр үед ажил хийж улс эх орондоо хүч хөдөлмөрөө зориулчихаад хөгширсөн хойноо бага тэтгэврээр арай ядан амьдарч байна. Энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөөч” гэсэн хүсэлтүүд холбогдох мэргэжлийн байгууллагуудад удаа дараа ирдэг боловч Монгол Улсын Засгийн газраас энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй байсаар эдгээр хөгшид хорвоогийн мөнх бусыг үзсээр байна.

Монгол Улсын Засгийн газраас 1997- 2007 онд тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүрийг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоож, иргэдийн 1995 оноос өмнө тогтоолгосон тэтгэврийг  нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авсаны үндсэн дээр тэтгэврийн зөрүү үндсэндээ арилсан гэж мэдээлдэг боловч энэ нь тэтгэврийн хэмжээнд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болох цалин хөлсний түвшинд 1990 оноос хойш гарсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор тэтгэвэр ялгаатай хэвээр байгаа болно.

 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэвэр тогтоолгосон иргэд Монгол Улсад зах зээлийн харилцаа үүсэхээс өмнөх тогтолцоонд ажиллаж амьдарч байсан ба тухайн ажил мэргэжлээсээ гадуур давхар ажил, хувийн бизнес, аж ахуй эрхлэх боломжгүй, хуримтлуулсан мөнгө, хөрөнгөгүйгээр тэтгэвэрээ тогтоолгосон байдаг байна. Мөн түүнчлэн 4 хүүхэд төрүүлсэн залуу эхчүүдийг ид хөдөлмөрлөх насанд нь тэтгэвэрт гаргаж байсан гажиг тогтолцоо Монгол Улсад бий болж эдгээр эхчүүд 1995 оноос өмнө ажилласан хугацаагаараа тэтгэвэрээ тогтоолгосон байдаг байна. Одоо эдгээр хөгшдийн авч байгаа тэтгэврийн хэдэн төгрөг мах, сүү, эм, тариа, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлтэй энэ цаг үед хаанаа ч хүрэхгүйгээр туйлдуулж, сэтгэл санааны гүн дарамтанд оруулж байгаа нь тодорхой болж бидний нүдэнд ил байгаа нэгэн түүхэн баримт болсон. Тэгвэл Монгол Улсад 1990 онд зах зээлийн харилцаа үүсч бий болсноос хойш 1995 оноос  хойш тэтгэвэрээ тогтоолгосон иргэд хэд хэдэн газарт давхар ажиллах, эсвэл өөр ажил давхар гүйцэтгэж орлогоо нэмэгдүүлэх боломж нээлттэй болсноор тэдгээр иргэдийн тэтгэвэр өндөр тогтоогдож, мөн түүнчлэн хувийн бизнес, үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хуримтлалтай болсон байна.

1995 оноос өмнөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тэтгэвэр тогтоолгосон иргэд энэ 16 жилийн хугацаанд 180 гаруй мянга нь хорвоог орхин одсон бөгөөд одоо 95,4 хүрэхгүй мянга нь үлджээ. Өөрөөр хэлбэл жилд 17000, сард 1510, хоногт 47-48, цагт 2 тэтгэвэр авагч насан эцэслэж байна гэсэн статистик тоо баримт байна. Эдгээр цөөхөн үлдсэн тэтгэвэр авагчид маань жил ирэх тусам цөөрсөөр 10-20 жилийн хугацаанд хорвоогийн жамаар 0 болж дуусах юм. Эдгээр тэтгэвэр авагчид тэтгэвэрийг ялгавартай тогтоосон төр засагтаа насан эцэслэх хүртлээ гомдоллох бодит байдалтай байгаа тул эдгээр хөгшчүүдийнхээ магнайг тэнийлгэх эр зориг, боломж, хийсэн алдаагаа ухамсарлаж эрх зүйн орчноо эргэн харж хэлмэгдүүлэлтийн буруу жишгийг арилгах боломж өнөөгийн төр засагт байгаа гэж үзэж байна.

2010 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 105,3 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 70,2 мянган төгрөг, улсын дундаж тэтгэвэр 126,9 мянган төгрөг, 1995 оноос өмнөх үеийн дундаж тэтгэвэр 125,2 мянган төгрөг, 1995 оноос хойших дундаж тэтгэвэр 127,7 мянган төгрөг байна, нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна гэсэн тооцоог Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан байна. Засгийн газраас энэ тоо баримт дээр үндэслэн 1995 оноос өмнөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо бодож тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 1995 оноос хойшхи хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо бодож тэтгэвэрээ тогтоолгосон иргэдтэй адил тэнцүү тэтгэвэр авдаг боллоо гэж мэдээлж байгаа нь хорвоогийн жамаар улам л цөөрч байгаа 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хөгшчүүдийг хууран мэхэлж, тэртэй тэргүй эдгээр хөгшчүүд яваад заргалдах чадваргүй болсон, энэ нийгэмд хэрэггүй болсон, нэмж мөнгө зарлагдах шаардлагагүй гэсэн байр суурьтайгаар хандаж байгаа нь Монголын өнөөгийн төр засаг өвөг дээдсээ доромжилсон түүхээ үгүйсгэж байна гэж үзэхээс өөр аргагүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.