С.Эрдэнэ: Ахмадын эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл боловсруулна
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг УИХ өнгөрсөн оны есдүгээр сарын 4-нд батлан гаргасан. Ингэснээр иргэдийн 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож,
1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нь тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тооцон нөхөн төлсөнд тооцуулах боломж бүрдсэн юм. Уг хуулийн үйлчлэх хугацаа өчигдрөөр дуусгавар болсон.
Энэ талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Хууль хэрэгжих хугацаанд хэчнээн иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулахаар хандсан бэ?
-Улсын хэмжээнд 483.800 иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан. Энэ иргэдийн 24 хувь нь тав хүртэл жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой боллоо.
Нийт бүртгүүлсэн иргэдийн 45.6 хувь нь эрэгтэйчүүд байсан бол үлдсэн нь эмэгтэйчүүд байв. Түүнчлэн бүртгүүлсэн иргэдийн 27.5 хувь нь 40 хүртэлх насны иргэд бол 60 хувь нь 40-55 насныхан байсан.
-Ажилласан жилээ нөхөн тооцуулсан иргэдийн тэтгэврийг хэзээ нэмэх вэ. Ирэх оны төсөвт мөнгө суулгаж байгаа гэж сонссон?
-Бүртгүүлсэн иргэдийн 12.5 хувь нь 55-аас дээш насныхан байсан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг ирэх оноос эхлэн тооцож, олгоно.
Бүртгүүлсэн иргэдийн 27.5 хувь нь 40 хүртэлх насны иргэд бол 60 хувь нь 40-55 насныхан байсан.
Харин тэтгэвэр тогтоолгоогүй иргэний нөхөн тооцуулсан хугацааг тэтгэвэр авах эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед нь шимтгэл төлж ажилласан хугацаанд нэмж тооцох юм. 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлд 31.1 тэрбум төгрөгийг иргэдээс тэтгэврийн даатгалын санд нөхөн төлөх тооцоо гарсан.
-Ахмадуудын эрхийг хамгаалах хуультай болох талаар танай яамнаас судалгаа хийж байгаа гэсэн. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлээд маргаашаас нь энэ хүмүүсийг мартдаг. Ахмадуудад зориулсан хуультай болсноор энэ байдал арилах болов уу?
-Бид ахмадуудын тэтгэврийг нэмэх төдийхнөөр асуудалд хандаж ирсэн. Гэтэл ахмадууд ач зээгээ харж, зарим нь үр хүүхдийнхээ дарамтад байдаг. Амралт сувилалд явж чадахгүй байгаа шалтгааныг нь тодруулахад дийлэнх нь "Ач, зээг маань харах хүнгүй" гэсэн тайлбар хэлсэн байна лээ.
Ахмадуудтай холбоотой энэ мэт байдлыг халж, тэдэнд зориулсан тусгайлсан хуультай болохоор манай яам судалгаа хийж байна. Гадаадын орнуудад өндөр настай эцэг эхээ энэрч асардаггүй үр хүүхдэд ямар хариуцлага тооцох талаар хуульчилж эхэллээ. Манайд улсын хэмжээнд 320 мянган ахмад настан бий.
Тэдэнд зориулсан хууль эрхзүйн орчинг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ талаар зарим орны туршлагыг судлан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан, амжвал намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.