УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2013.08.01

С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хугацааг сунгалаа

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар  баталсан. Ингэснээр  1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх боломжтой болсон юм. 

Дээрх хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2013 оны наймдугаар сарын 1-нд дуусгавар болгох талаар тусгасан. Харин энэ хугацааг ирэх  аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар болсон талаар Хүн ам, нийгмийн хөгжлийн сайд С.Эрдэнэ мэдээллээ.

Анх хууль хэрэгжих үед буюу 2012 оны арваннэгдүгээр сард нийтдээ 700 хүн хамрагдаж байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийтдээ 444,9 мянган хүн хамрагдах тооцоо гарчээ. Харин өнгөрсөн долдугаар сарын 30-ны байдлаар нийт бүртгэгдсэн хүний тоо 361600 байгаа юм байна.

Одоогоор нийт ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн иргэдээс 85011 иргэний ажилласан жилийг баталгаажуулж, 171943 иргэний материал Цагдаагийн ерөнхий газарт хянагдаж байгаа аж.

Мөн 2013 оны наймдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлт гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс тооцож, Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсч байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болсон байна.